ХӨСҮТ-ийн эмч, судлаачид коронавирусийн халдвар болон хувилбар илрүүлэх шинжилгээний талаар мэдээлэл өглөө.
Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр "Манай нэгдсэн лаборатори нь Монгол Улсын хэмжээнд халдвар өвчний вирус илрүүлэх лавлагаа шатны тусламж үзүүлдэг. Коронавирусийн халдварыг илрүүлэх хэд хэдэн технологи бий. SarsCov вирус илрүүлэх хэд хэдэн технологи байдаг. Хамгийн энгийн нь түргэвчилсэн оношлуур. Энэ нь хурц халдвар вирусийн тоо өндөр үед маш тодорхой илрүүлдэг. Үүний дараа хамгийн гол технологи бол PCR технологи байгаа. Энэ нь МОнгол Улсын хэмжээнд бүх дүүрэг, аймгуудад бүрэн нэвтэрсэн оношилгоо байгаа. Вирус мутацилагдаж, дэлхий даяар хэд хэдэн удаагийн давлагаа гарлаа. Өнөөгийн байдлаар дэлхий даяар омикрон хувилбар хурдацтай тархаж байна. Манай лабораторийн хувьд 2021 оны 11-р сарын сүүлчээс эхлэн коронавирусийн хувилбарын тандалтад илүү анхаарч ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн судлаач, АУ-ы доктор Цогзолмаагаас коронавирусийн хувилбар илрүүлэх вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээний үнэ өртгийн талаар тодрууллаа.
Тэрбээр, Коронавирусийн хувилбарын тандалтыг нэгдүгээрт, PCR шинжилгээгээр, хоёрдугаарт NGS буюу вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог технологиор хийдэг. Арванхоёрдугаар сард NGS технологийн тоног төхөөрөмжийг суурилуулж, манай эмнэлгийн гурван эмч Япон улсад суралцаад ирсэн. NGS нь вирусийн бүх төрлийн генийн дарааллыг тодорхойлох хүчин чадалтай технологи юм.
-Энэ хоёр төрлийн оношилгооны үнэ өртгийн талаар мэдээлэл өгөөч?
-PCR, NGS технологи нь хоёр өөр үнэ өртөгтэй. PCR-аар тухайн вирусийн хувилбарыг таамаглаж болно. Харин NGS технологи вирусийн бүрэн геномын дарааллыг тогтоосноор ямар хувилбарын вирус болохыг баталгаажуулна. Тэгэхээр NGS технологи нь PCR-тай харьцуулахад илүү өндөр өртөгтэй. Нэг сорьц NGS технологиор шинжилэхэд хийх өртөг ойролцоогоор нэг сая орчим төгрөгийн өртөгтэй байгаа.
-NGS технологиор шинжилгээ хийх сорьцыг хэрхэн сонгодог вэ?
-Тандалт судалгааны ажлын дараа бид нар сорьц сонголтыг хийдэг.Тухайлбал, Гадаадаас ирж байгаа иргэдийн сорьцонд вирусийн бүрэн геномын дарааллыг тогтоох шинжилгээ хийж байна. Мөн дотооддоо кластер үүсгэж байгаа онцгой голомтуудыг сонгон NGS технологийн шинжилгээ хийдэг. Орон нутгаас сорьцыг зөөвөрлөн авчирч, орон нутаг руу чиглэсэн тандалт хийж байна гэлээ.