Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Цахим орчинд үйлдэгддэг хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх нь ” сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг сургалт нь цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдүүдийг илрүүлэх, гэмт хэрэгтнүүдийг мөрдөх, гэмт хэргийн хянан шийдвэрлэх үйл явцад анхаарах асуудлаар цагдаа, прокурор болон шүүхийн байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Сургалтыг АНУ-ын “Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах олон улсын төв”-ийн мэргэжилтнүүд, АНУ-ын Хойд Виржиния-гийн Фэйрфакс хотын прокурор, Холбооны мөрдөх товчооны хүүхдийн эсрэг мөлжлөг, хүний наймаатай тэмцэх тасгийн мөрдөгч болон АНУ-ын Маршалын албаны Зан үйлийн шинжээч зэрэг туршлагатай мэргэжилтнүүд чиглүүлэн явуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, ICMEC олон улсын байгууллагын Хамтын ажиллагаа, хууль сахиулах байгууллагын сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Гуллермо Галарза нар оролцлоо.