Коронавирусийн омикрон хувилбарын нөхцөл байдал олон улсад ямар байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр ”Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хилийн хяналтаа эрчимжүүлж омикроны давлагаа эхлэх цагийг хойшлуулсан. Энэ хугацаанд улс орнуудад энэ хувилбарын давлагаа хэрхэн явагдаж байна, туршлагаас суралцах, тухайн хувилбарт тохирсон тактик боловсруулж бэлтгэх, зэргээр шаардлагатай судалгаа хийж ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 орчим улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Тухайлбал, Их Британи, Франц, АНУ-д тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим тохиолдол бүртгэгдэж байна. Энэ хувилбарын халдварын шинж тэмдэг хөнгөн, томуу хэлбэртэй явж байна.
Манай улсын хувьд омикрон давлагаанд өртсөн тохиолдолд хөл хорио тогтоохгүй, дунд сургуулиа хичээллүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь вакцинд хамрагдалт өндөр байна. Омикроны үед гэр бүл дэх халдварын тохиолдол тав дахин нэмэгдсэн байна.
Улс орнууд зөвхөн хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилж байгаа. Түүнчлэн оношлогдсоны дараа тав хоногийн дотор ажилдаа орох боломж бүрдүүлж байна. Вакцинтай хүмүүс 5.5 хоног халдвар тээх бол вакцингүй хүмүүс 7.5 хоног халдвартай байна. Нэг тунтай иргэдийн өвдөх эрсдэл өндөр байна. Мөн вакцинаа хийлгээгүй, өвдөөгүй бол энэ давлагааны үед өвдөх эрсдэлтэй. Түүнчлэн дахин халдвар авах тохиолдол тав дахин нэмэгджээ. Иймээс өвдсөний дараах дархлаанд найдах хэрэггүй юм байна.
Харин Израиль улсад хийсэн судалгаагаар дөрөвдүгээр тунгийн дараа эсрэг биеийн хэмжээ 5 дахин нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр тун халдвараас сэргийлэх үр дүн өндөр байгаа. Тийм учраас эрүүл мэндийн сайдын тушаалаар иргэд өнөөдрөөс дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой болсон.
Омикрон хувилбарын хувьд томуу төсттэй адил шинж тэмдэг үзүүлж, хөнгөн өвдөж байна. Энэ тохиолдолд зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийх юм. Цаашид баталгаатай мэдээлэл түгээх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байж мэдээллийг өгч байна” гэлээ.