Замын-Үүдийн тээвэрчид Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар болон хил гаалийн гацаа, ачаа барааны тээвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөлөл "Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийг юунд зарцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрхэн ажиллах нь тодорхойгүй байгаад бухимдаж байна. Үнийн хөөрөгдлийг яаж шийдэж, тээврийг хэрхэн зохицуулах тухай мэдээлэл өгөх шаардлагатай. Ачаа, тээврийн үнэ өссөн.
Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 орчим юань байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна.
Тээврийн үнэ ханш өсөх асуудал жолооч нараас хамаардаггүй. Өвөрмонголчууд, хятадууд тээврийн үнийг тогтоодог. 100 жолоочоор л тэг цэгээс ачаа бараа авахуулна гэж яриад байна. Ард нь тав, зургаан мянган жолоочийн эрх ашиг зөрчигдөж байна. Оочер дарааллаар нь оруулаад, зөв зохион байгуулалт хийх шаардлагатай байна. Нийт 7000 тээврийн жолооч бий. Тэдний гэр бүл, үр хүүхэд гээд нийт 20 мянган хүний эрх ашиг зөрчигдөж байна. Цар тахал гарснаас хойш хоёр жил ажилгүй зогслоо. Мөн жолооч нараас ковидийн халдвар илэрсэн гэж яриад байна. Ийм зүйл байхгүй. Бид тогтмол шинжилгээ өгдөг. Халдвар илэрч байгаагүй" гэв.