Энэ жил төрийн болон боловсролын байгууллагуудаас бусад нь тодорхой хэмжээгээр хамт олон, гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэж, хөл хөдөлгөөнтэй байна. Цагаан сарын дараа хүртэл үргэлжлэх сурагчдын улирлын амралтаар гадаад, дотоодод аялах төлөвлөгөөтэй хүмүүс ч нэлээд байна.
Шинэ жилийн баяр, Сар шинийн баяр, сурагчдын улирлын урт амралтын хугацаанд өөрсдийн болон гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, анхаарлаа сулруулахгүй байхыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас зөвлөж байна.
Тайвшрах болоогүй
КОВИД-19-ийн өвчлөл, эндэгдлийн тохиолдлын тоо манай улсад сүүлийн хэдэн долоо хоногт буурч байгаа ч, илүү хурдан халдварлах чадвартай омикрон хувилбар хэдийнээ дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа нь тайвшрах болоогүйг сануулж байна. Европын зарим орнуудад өвчлөлийн тоо огцом нэмэгдэж, хөл хорио тогтоож, нэмэлт тунгийн дархлаажуулалтаа эрчимжүүлж байна.
Улирлын томуу, томуу төст өвчин их дэгдэж, агаарын бохирдол өмнөх жилээс нэмэгдсэн энэ үед ХЕПА шүүлтүүртэй амны хаалт зүүх, зай барих, дотоод орчинд олон хүн цугласан газраас зайлсхийх, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэх зэрэг сүүлийн хоёр жилд хэвшүүлээд буй урьдчилан сэргийлэх дэглэмүүдээ үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэй.
Дархлаажуулалтдаа хамрагдаарай
КОВИД-19-ийн эсрэг вакцины хамралт манай улсад харьцангуй сайн байгаа ч, нэмэлт тунгаа хийлгэж, өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалахыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас зөвлөж байна.
ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн КОВИД-19-ийн эсрэг вакцинууд нь аюулгүй бөгөөд халдварын улмаас хүндээр өвдөх, нас барахаас хамгаалах өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Ямар ч вакцин 100 хувь хамгаалахгүй тул вакцин хийлгэсэн ч өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн мөрдөх нь чухал юм. Үүнд амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих зэрэг юм.
>Дэлгэрэнгүй. КОВИД-19 дархлаажуулалтын холбоотой мэдээлэл
Өвдсөн бол гэртээ байгаарай
Танд эсвэл гэр бүлийнхний чинь хэн нэгэнд КОВИД-19-ийн шинж тэмдэг илэрсэн бол гадуур явах, айлд зочлох, баярын үдэшлэгт очих, олон хүнтэй аливаа арга хэмжээнд оролцохоос татгалзаарай. Гэртээ байж, КОВИД-19 эсвэл ханиад, томууг бусад хүмүүст халдаахаас сэргийлээрэй. Мөн харьяаллын өрх, сумын эмнэлэг, 119 тусгай дугаарт хандаж зөвлөгөө аваарай.
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг онцгой анхаараарай
Сурагчдын амралтын үеэр бага насны хүүхдийг ах, эгчид нь харуулж үлдээх, гэрт нь түгжих, улмаар хүүхэд янз бүрийн ахуйн осолд өртөх харамсалтай явдал элбэг гардаг. Та боломжтой бол гэрээсээ ажиллаарай. Гэрээс ажиллах боломжгүй бол хүүхдээ аль болох насанд хүрсэн хүнтэй үлдээхийг хичээгээрэй.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас сурагчдын амралтаар хүүхдээ болзошгүй ахуйн эрсдэлээс хамгаалахыг эцэг эх, асран хамгаалагчдад сануулсан зурагт санамжийг эндээс харна уу.
Цэвэрлэгээний бодисоо хүүхэд хүрэхгүй газар тавьсан уу?
Халуун тогоогоо хүүхэд хүрэхгүй газар тавьж, ойртож болохгүйг анхааруулсан уу?
Хүүхдээ гар утас, компьютер, зурагтын дэлгэцээс аль болох хол байлгаж, ном унших, спортоор хичээллэх, гадаа цэвэр агаарт тоглох боломж олгож, шим тэжээлтэй хоол хүнс өгч, орой эрт унтуулж, дархлааг нь дэмжээрэй.
Шинэ жилийн бэлэгт анхаараарай
Хүүхдэдээ болон айлын хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөх бол хийжүүлсэн чихэрлэг ундаа, чихэр, шоколад, амттан, чипс зэрэг болон транс тосны өндөр агууламжтай эрүүл бус хүнсийг сонгохоос татгалзаарай. Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа, гарал үүсэл, хадгалалтын горим алдагдсан эсэх зэргийг сайтар шалгаж үзээрэй. Чихэр ихтэй, хэт боловсруулсан эрүүл бус хүнс хүүхдэд жингийн илүүдэл, шүд цоорол зэрэг асуудал үүсгэхийн зэрэгцээ дархлааг сулруулна.
Аялал төлөвлөсөн бол эрсдэлээ тооцоорой
Омикрон хувилбар дэлхийн олон улс оронд хурдацтай тархаж буй энэ үед гадаад оронд аялах нь эрсдэлтэй. Зорчих газрынхаа өвчлөлийн байдлыг сайн тандаарай. Очих, дайран өнгөрөх улс оронд чинь ПГУ (PCR) шинжилгээ авах талаар ямар дүрэм журам үйлчилж байгааг урьдчилан судлаарай. Нөхцөл байдал дордвол, нислэг цуцлагдах, гадаадад саатах ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.
Вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс аялах үед илүү эрсдэлтэйг санаарай.
Гэр бүлээрээ олон нийтийн газраар явахдаа анхаарах зүйлс
- Битүү орчинд олон хүн цугларсан, агааржуулалт муутай, хүн хооронд 1 метрээс багагүй зай барих боломжгүй газраас зайлсхийх,
- Олон нийтийн дунд явахдаа амны хаалт зүүх,
- Гараа тогтмол угаах, угаах боломжгүй үедээ спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч ашиглах,
>Гар угаах талаар дэлгэрэнгүй - Бохир гараараа нүд, ам, хамартаа хүрэхээс сэргийлэх.
- Эдгээрийг хүүхдэдээ сануулж, мөрдүүлэх.
Эх сурвалж: UNICEF Mongolia