Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болох чиглэлүүдийг танилцууллаа.
Хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байна.
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуй нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг.
Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг байна. Эхний ээлжид 74 үйл ажиллагааг хялбарчлалаа.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд өөрсдөө хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж буй.
Шинэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ийм бүтэц бий болж байна. Нийслэлийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт иргэд хяналт тавьж ажиллах бололцоотой болгоно.
Улаанбаатар хотын иргэн халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байя гэсэн үүднээс ашиг олох гэж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж байна" гэв.
Ах ахуй нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан шаардлага, шалгалтууд хамгийн их дарамт болдог.
Цаашдаа нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой биш бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох ба Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх аж.
Хуулиар нийслэлийн нутаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Ингэхдээ
- Тусгай зөвшөөрөл
- Зөвшөөрөл
- Эрх, батламж
- Гэрчилгээ
- Тодорхойлолт
- Дүгнэлт
- Үнэмлэх
- Гарын үсэг
- Бусад төрд байгаа баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг хориглоно.
Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох үйл ажиллагааны чиглэлүүд:
- Бөөний худалдааны төв
- Агуулах дэлгүүр
- Худалдааны төв
- Зах (барилгын материал, мод, авто техникийн гэх мэт)
- Их дэлгүүр
- Хайпермаркет
- Супермаркет
- Үзүүлэнгийн танхим
- Outlet
- Бүүтэг
- Мини маркет,
- Хүнсний дэлгүүр
- Ая тухтай сүлжээ дэлгүүр
- Төрөлжсөн барааны дэлгүүр
- Мухлаг
- Үйлчилгээний цэг буюу ТҮЦ
- Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
- Дахивар худалдан авах цэг
- Ресторан
- Баар, диско, биллиард, караоке бусад
- Кафе
- Цайны газар (Нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын)
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
- Coffee Shop
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
- Үсчин
- Гоо засал
- Хумс засал
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
- Ахуйн электрон цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр захиалга, засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
- Гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ
- Цэвэрлэх үйлчилгээ
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Зочид буудал
- Дэм буудал
- Жуулчны бааз
- Амралтын газар
- Гэр буудал
- Нийтийн халуун ус
- Саун
- Бассейн
- Чийрэгжүүлэлтийн төв, фитнесс, спинниг, аеробик, иог, бүжиг гэх мэт
- Алжаал тайлах төв, иллэг
- Нийтийн бие засах газар
- Авто засвар
- Дугуй засвар
- Автомашин угаалгын үйлчилгээ
- Автомашины доторлогоо
- Автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон бусад аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материал худалдаа
- Авто зогсоол /битүү , ил задгай/
- Цахим байрны үйлчилгээ
- Хүүхдийн байрны үйлчилгээ
- Нийтийн байрны үйлчилгээ
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
- Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
- Соёл урлагийн, дуу хөгжим, кино, бүжиг, драма, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будалт, будаг хувиргалт, сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр авах, сунгах
- Дэлгэцийн болон дүрс бичлэгийн кино үзүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгох сунгах
- Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авч сунгуулах
- Биллиард боулинг, дэлгэцийн гольф автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах
- Диско клуб ажиллуулах зөвшөөрөл шинээр авах сунгах
- Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах