БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлгийн ээлжит дугаараар Market.mn-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ё.Аюурсүрэнтэй ярилцлаа. Онлайн худалдааны платформыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг market.mn анх хэрхэн байгуулагдсан, ямар шатаар хөгжсөөр дараагийн түвшиндээ гарч байгаа, энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.
Ярилцлагын онцлох 10 хэсгийг хүргэе.
1. Дөрвөн жилийн өмнө онлайн худалдааны соёл нэвтрээгүй, хэрэглэгч итгэдэггүй байсан үе. Бид анх хэрэглэгч онлайн худалдаанд итгэдэггүй юм байна, тэгвэл бид мөнгийг нь заавал түрүүлж авах шаардлагагүй. Гэрийнх нь үүдэнд очоод бараагаа танилцуулж өгсний дараа мөнгөө авъя гэж шийдсэн. Хэрэглэгчийн мөнгөө алдах вий гэсэн айдаст нь баталгаа өгөх нэгдүгээр шийдэл байсан.
2. Дараагийн айдас бол муу, буруу бүтээгдэхүүн аваад ирчихвэл буцааж болох уу? зэрэг эргэх холбоо хүсдэг байсан. Мэдээж бид цахим худалдааны бизнес эрхэлж байгаа учир Орос, Япон, Америкт, Хятадын энэ салбарт юу болж байна гэдгийг судалж боломжуудыг туршиж үзсэн. Тухайн үед Амазонд “No question ask to return policy” гэдэг зүйл хэрэгжиж байснаас санаа авч, Монголдоо туршиж үзээд нэвтрүүлсэн. Манайхаас бараа авсан хүн долоо хоногийн дотор буцааж болно, төлбөрийг 100 хувь буцааж олгох баталгаа өгсөн. Тогоо аваад дотор нь хоол хийгээд идчихсэн байсан ч бид юу ч асуухгүй буцааж авч болно гэсэн итгэл, баталгааг хэрэглэгчдэд өгч чадсан. Зарим хүмүүс “Ингэх нь бизнест чинь их алдагдал авч ирнэ, их зарлага гарна” гэж хэлж л байсан. Зах зээлийг “ингэх л байх” гэж таамаглаад, түүндээ итгэж боломж ашиглахгүй суувал хайран гэдгийг баталсан зүйл болсон. Харин ч “буцааж болно” гэсэн баталгааны ард эсрэгээрээ буцаалт ховор байсан. Бид “Яагаад буцаах гэж байна вэ” гэж асууж хэрэглэгчийг эвгүй байдалд оруулдаггүй. Ингэснээр компани харилцагч хоёрын дунд том итгэлцэл үүсэж байдаг.
3.Инстаграмм, фэйсбүүк групп пэйжээрээ өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болчихсон олон жижиг онлайн дэлгүүрүүд байдаг. Тэдэнд зөвлөхөд датагаа маш сайн бүртгэж хөтлөх нь энэ төрлийн бизнес цааш хөгжихөд чухал. Ямар төрлийн хүмүүс, ямар бүтээгдэхүүн авч байна вэ гэдгээ цэгцтэй тодорхойлоод явах нь чухал. Тэгээд мэдээж бизнесээ дараагийн шатанд гаргая гэвэл технологитой хослуулж, вэбтэй болох зэргээр хөгжүүлнэ. Томроод ирэхээрээ систем ашиглах нь маш зөв. Систем бэлэн тайланг хүссэнээр амархан гаргадаг.
4. Манай үйл ажиллагаа нэгэнт жигдэрчихсэн учраас бид өөрсдөдөө байгаа технологийн шийдэл, платформ, агуулах, хүргэлтийн дэд бүтцээ бусад онлайн худалдааны дэлгүүрүүдэд ч санал болгож байгаа. Бидний бий болгосон энэ дэд бүтэц дээр өөрийн бизнесээ хөгжүүлээд, хэд дахин томроод яваа гэж. Энэ үүднээс Market.shop үйлчилгээгээ гаргасан.
5. Танай платформыг хэрэглэвэл бүгд нэг платформтой онлайн дэлгүүр болно гэсэн үг үү гэж хүмүүс асуудаг. Үгүй. Маркет.мн рүү орвол төрөл бүрийн темплет, загварууд байгаа. Энэ магадгүй бэлэн хувцас худалдаалах дэлгүүрт илүү ойрхон, энэ нь виноны худалдаанд илүү тохирох юм байна гэдгээ хэрэглэгч харж байгаад л сонголтоо хийчихнэ. Загварууд өөр өөр байна.
6. Өнгөрсөн таван жилээс маш сайн ойлгож авсан туршлага, магадгүй алдаа гэвэл IT хөгжүүлж байгаа бол шууд фантастик, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргалгүй амьдрал дээр буулгаж бодох хэрэгтэй. Технологи хөгжүүлэлт төлөвлөсөн цаг хугацаандаа амжихгүй байх тохиолдол их гардаг. Тэгэхээр гаднын яг энэ төрлийн бизнес загвар, маркетуудыг цаг гарган сайн судлах хэрэгтэй. Би нэг ийм зүйл хийх гэж байгаа гээд нухаад байдаг. Түүнийг нь гадаадад аль хэдийнээ шийдчихсэн байх нь их. Тэрийг нь судлаад авах зүйлээ аваад, хаях зүйлээ хаяад төлөвлөгөөгөө боловсруулбал их цаг хэмнэнэ.
7. Гарааны бизнесүүд хувьцаагаа хав даралгүй үнэхээр чадвартай хүмүүст хувьцаанаасаа өгөөд, тухайн хүнээс үнэ цэнээ аваад, баг болж, хамтдаа хурдан томрох ёстой. Энэ надад их том сургамж болж байсан. Бид хоёр бизнесээ эхлээд удаагүй байхад компанийн таван хувийг 500 саяар авъя зэрэг хувьцаа авах саналууд ирдэг байсан. Тухайн үед энэ хүн мөнгөнөөс гадна үнэ цэнээр хөрөнгө оруулж чадах уу гэдгийг нь хараад өгөөгүй. Мэдээж хувьцаагаа өгөхөд мөнгөнөөс гадна үнэ цэн, мэдлэг туршлага орж ирэх ёстой. Харин технологийн багтаа анхнаас нь хувьцаагаа хуваагаад ч хамаагүй нэг зорилго дор нэгдээд хурдан явах ёстой юм байна гэдгийг ойлгож байсан.
8. Market.mn-ийг багынхаа найзтай үүсгэн байгуулсан. Бид хоёр багадаа хичээлээ тараад явж байхдаа “MCS -ийн Ж.Оджаргал, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр захирал шиг болно доо гэж их ярилцдаг байж билээ". Бизнес хийх зорилгодоо хүрэх гэж хоёрдугаар курстээ хамт математик, англи хэлний сургалтын төв ажиллуулж байлаа. Гэхдээ удаагүй дампуурсан л даа. Хоёр тийшээ сурахаар яваад, эргэж ирээд энэ бизнесээ эхлүүлсэн.
9. Бизнес эхлүүлэх гарааны хөрөнгөтэй болохын тулд барилгын материал ч зарж үзэж байсан. Мөнгө олж байгаа ч хөгжих боломжгүй санагдаад нэг зун ажиллаад больсон. Энэтхэгт сургуулиа төгсөж ирээд корпорэйт түвшний компаниас туршлага хуримтлуулахын тулд “Энержи ресурс”, “Мон-дулаан” компаниудад нэг нэг жил ажиллаж их юм сурсан.
10. Анх бизнес эхлүүлэхдээ аль салбарт, ямар бизнес хийх вэ гэдэг олон жагсаалт гаргаж байгаад онлайн худалдааны салбар огт хөгжиж эхлээгүй, маш том орон зай байгааг харсан. Банк бус санхүүгийн байгууллага өндөр ашигтай байдаг тийшээ орооч гэж хүмүүс зөвлөж л байсан. Зүгээр л мөнгөтэй болох сонирхолтой биш. Дараагийн сорилт амтгүй болох байх. Зах зээл дээр шинэ жишиг тогтоосон, үнэ цэн бий болгосон корпорэйт түвшиндээ хөгжих боломжтой, байгууллагын гоё соёлтой бизнес хийх нь л бидний зорилго байсан болохоор Market.mn-ээ байгуулсан.