Амиа алдсан Онцгой байдлын газрын алба хаагчийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Талийгаачийн нагац ах "Би талийгаачийн нагац ах, ээжийнх нь төрсөн дүү. Ийм явдал болсонд үнэхээр харамсаж байна. Тэр хүний тухай /талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл/ ямар ч мэдэгдэхүүнгүй байсан. Арванхоёрдугаар сарын 3-н анх удаа л албан байгууллага дээр нь таарсан. Талийгаач ээждээ найз охинтой болсон гэж хэлж байсан юм шиг байна лээ.
Манай талийгаачийн хайрлаж, дурлаж байсан охин юм байх гээд нээлттэй харилцаа үүсгэх гэсэн ямар ч тийм боломжгүйгээр тэрээр эсрэгээр нь байж боломгүйгээр гүтгээд явна. Тэр хүнийг ямар хүн бэ гээд судлаад үзэхэд 2-3 жилийн өмнөөс сошиалаар сенсаци үүсгэж байдаг байсан хүн байна лээ. Гэр бүлийн асуудалтай, зулбасан, хуучин найз залуу нь зодсон гээд яг л адилхан кейс ярьж байдаг хүн байсан. Бид энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. Манай гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад болсон үйл явдал ослыг хуулийн дагуу шалгуулж байгаа. Бид аргагүйн эрхэнд гарч ирлээ. 10 хоног бид тэвчлээ, биднийг үнэхээр хэцүү байдалд оруулсан учраас өнөөдөр энд энэ бүхнийг яриад сууж байна" гэв.
Талийгаачийн дүү Э.Нандинчимэг “Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугтсан. Дараа нь ахын минь эхнэр мэтээр жүжиглэж, хэвлэлд худал зүйл яриад яваад байгааг нь ойлгохгүй байна. Тухайн эмэгтэйг бид анх арванхоёрдугаар сарын 3-нд л мэдсэн. Өмнөх түүхийг нь сонсоход маш асуудалтай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэйтэй холбоотой асуудлыг бид цагдаагийн байгууллагад өгч шалгуулна. Бид аргагүйн эрхэнд л гарч ирлээ. Талийгаачийн буянд гэж 900,000 төгрөг өгснөө буцаагаад авчихсан” гэв.
Тухайн алба хаагчийн эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан З.Одгэрэл нөхрийнх нь үхлийг нуун дарагдуулж буй алба хаагчдыг шалгуулах, нас барсан шалтгааныг нь үнэн зөвөөр тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна өлсгөлөн зарлаад байгаа юм.