Онцгой байдлын албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг явдал 12 дугаар сарын 03-ны өдөр гарчээ. Онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас албан хаагчийг өөрөө аюулгүй байдлыг хангаагүйгээс болж амь насаа алдсан хэмээн үзэж буй аж. Тиймээс талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл тухайн орчны камерийн бичлэгийг олон нийтэд ил болгохыг шаардаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн гадаа өнөөдрөөс суулт зарлаж эхэллээ.
Тэрбээр “Миний нөхөр Онцгой байдлын албан 10 жил ажилласан, ахлах ахлагч цолтой албан хаагч байсан. 24 цагаар нойргүй ажиллаад, ээлжнээсээ буусан өдөр нь гал унтраах 63 дугаар ангийн тасгийн дарга Эрдэнэбат гэдэг хүн мэргэжлийн бус техникчтэй, албан бус ажилд явуулж, амь насыг нь эрсдэлд орууллаа. Миний нөхөр 09.27 цагт нас барсан байхад надаас нуусан. Би 12:00 цагт олж мэдсэн. Нөхрийн маань нэр дээр байсан дугаарыг хаалгалаа, юунаас айгаад байгаа юм бэ.
Миний нөхөр зөвхөн онцгой байдлын алба хаагч байгаагүй. Гэрт нь жирэмсэн эхнэр, хүүхэд нь хүлээдэг, айл гэрийн эзэн хүн байсан. Нөхрийг маань саваагүйтээд тогны утсанд хүрч үхсэн мэтээр ярьж байна. Гэтэл өрөөлийн буруугаас болж үхсэн. Тиймээс камерийн бичлэгийг олон нийтэд дэлгэж, нэр хүндийг нь сэргээхийг шаардаж байна.
Өнөөдөр би цагдаагийн газар орж асуухад самбарын өөдөөс харсан камерын тод бичлэгийн арванхоёрдугаар сарын 3-5-ны хоорондхыг устгасан, дарга нар нь өөрсдөө авсан гэж хэлсэн. Энд эх хувь нь байгаа, прокурорт хүсэлтээ гаргаад үзэж болно гэж хэлсэн. Би суулт зарлаж, олон нийтэд бичлэгийг ил гаргахыг шаардана" хэмээн ярилаа.