Covid-19 халдварын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилээ хаасан. Энэ асуудал дээр монгол улсын шадар сайд С.Амарсайхан, замын-үүд, эрээний хилийн боомтоор 12 дугаар сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа бараа татан авч эхлэхийг хэлсэн байдаг. Гэвч энэхүү мэдэгдэл биелэлээ ололгүй хил нээх асуудал тодорхой бус шалтгаанаар хойшлогдоод байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 11-нд ачаа бараа нь гацсан иргэдийн 500 гаруй төлөөлөл, сүхбаатарын талбай дээр жагсаал хийх гэж буй.
Ингэхдээ,
- Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яамнаас үнэн бодит мэдээлэл өгөх,
- Улирлын чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг энэ ондоо багтааж оруулж ирэх,
- Үүн дээр Засгийн газар үр дүн бүхий шийдвэр гаргаж, шийдэлд хүрэх талаас нь ажиллах шаардлага тавих юм.
Бид жагсаал зохион байгуулж буй төлөөллийн нэг, хувиараа бизнес эрхлэгч Б.Намуунаас үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг тодрууллаа.
Тэрбээр, “Уг нь бидэнд анх 12 дугаар сарын 5-наас чингэлэг тээвэр орж ирнэ гэж мэдээлсэн шүү дээ. Түүнээс хойш тодорхой шалтгаанаар хойшиллоо гэсэн. Тодорхой шалтгаан гэдэг нь юу юм бэ. Бидний хувьд чингэлэг тээвэр орж ирэх баттай хугацааг мэдмээр байна. Ганцхан цахим дэлгүүр гэлтгүй худалдааны төв, аан-үүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомс болж байна. 1000 төгрөгийн бараа 5 мянга болчихлоо. Наад зах нь “жинтуул”-ын боорцог 5 мянган төгрөг байсан бол 10 мянга болсон. Энэ нь цаашдаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хомсдохын шинж. Үүнээс ч үнэтэй болох нь. Тиймээс одоо л шаардлагаа тавьж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэж бодож байна.
Миний хувьд онлайн дэлгүүр ажиллуулдаг. Шинэ жилээр ашгаа олдог гэж хэлж болно. Гэтэл 10 дугаар сарын 13-нд хил хаагдсанаар хүнд байдалд орж байна. Бараануудаа есөн сард захиалсан байсан. Хэзээ ирэх нь тодорхойгүй ийм л байдалд байна” гэлээ.