Өнгөрсөн даваа гарагаас түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова”-ийн барилгын ажлын төсөв олны анхаарлын төвд орж, иргэд цахим орчинд шүүмжилж буй. Учир нь 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих биш улс оронд нэн шаардлагатай байгаа өөр зүйлсэд мөнгийг нь зориулах шаардлагатай гэж байгаа юм.
Одоогоор УИХ-ын хоёр гишүүн энэхүү бурхны хөшөө барих ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрийн твиттэр хуудастаа, “Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод, төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах л хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ” гэжээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Богд Зонхова-ийн асуудал бол Ч.Номин сайд ч хэлсэн байсан. Өмнө жилүүдэд заримыг нь төсвийн хөрөнгөөр, заримыг нь төсвийн бус хөрөнгөөр зураг төсөл нь хийгдээд явчихсан. Үүнийг л үргэлжлүүлж байгаа гэж тайлбарласан байсан. Цаг хугацаа хүнд байна. Гэхдээ ард түмний энэ соёлын өв, өөрсдийнхөө түүх соёл шашнаа авч үлдэх нь чухал учраас төсвийн болон төсвөөс гадуур хөрөнгөөр хийгдээд явахад болохгүй юм байхгүй. Нэгэнт эхэлчихсэн ажлыг дуусгахгүй бол бүр их зардал гарна” хэмээн хөшөө барих ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Харин Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, УИХ-ын гурван гишүүний саналаар төсөв нэмэгдсэн.Төсвийн байнгын хороо өртөг нэмээгүй гэдгийг хэлье гэсэн юм.
Одоогоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар бурхны хөшөөг таван тэрбумаар барих ажлыг санаачилсан нь үнэн гэдгээ хүлээсэн ч 32 тэрбум болгоогүй хэмээж буй.
Харин Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг бурхны хөшөө барих ажлыг санаачилсан гэгдэж буй ч Зариг.мн сайтад энэ талаараа огт тайлбар өгөлгүй, унтууцан зугтсан юм.
Дэлхий дахиныг нөмрөөд буй цар тахлын аюул бидний өмнө ч нүүрлэж, шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өсөж, хүнсний барааны үнэ тэнгэрт тулсан, хил гааль хаалттай байгаа энэ үед бурхны хөшөө барихыг эсэргүүцэж байгаа иргэдийнхээ өөдөөс ийнхүү ТАВАН гишүүн одоогоор ҮГҮЙ ЭЭ хөшөө хэрэгтэй хэмээж сууна.