Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,6 жилээр бага байдаг. Сонгинохайрхан дүүрэгт эрэгтэйчүүдийн нийгмийн тэгш оролцоо, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нээлээ. Энэхүү хөгжлийн төв нь эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, мөн оёх, модон, арьсан эдлэл зэрэг төрөл бүрийн сургалтуудад хамрагдаад ажлын байртай болох боломжтой юм байна.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Зах зээлийн судалгааг нь хийж өгч бизнесийг нь цааш өргөжүүлэх тал дээр бид нийслэлийн зүгээс, дүүргийн зүгээс зохион байгуулж өгөх ёстой. Нийслэлийн хэмжээнд гар үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүстэйгээ уулзаж ярилцаж зохион байгуулалтад ороод эхнээсээ явж байгаа. Амьдралын замаа зөв сонгоход нь бид туслах үүрэгтэй. Энэ ажлыг сайн зохион байгуулж хийнэ гэж бодож байна" гэв.
Сонгинохайрхан дүүрэгт Монгол улсын нийт хүн амын 11,6 хувь, Улаанбаатар хотод нийт хүн амын 22,8 хувь буюу 335,703 хүн оршин суудаг. Тэдгээрийн 165,542 буюу 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг байна. Нийгэмд эрэгтэйчүүдэд зориулсан нийгмийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, олон төсөл хөтөлбөрт хамруулах ажлуудыг санаачлах зайлшгүй шаардлагатай байна. Мөн архины хамааралтай болон сэтгэл зүйн хувьд уналтад орсон эрэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаануудыг явуулах нь зайлшгүй шаардлагатай байна гэдэг үндсэн дээр эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийг нээж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбоотойгоор маш олон хүмүүс хандаж байгаа" гэж хэлэв.
Энэ талаар СХД-ийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл судлаач Ж.Цогтбилэг "Манайх Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсээс долоо хоног бүр мягмар, пүрэв, баасан гаригуудад гурван сэтгэл зүйч, энэ төв дээр ирж ажиллана. Ганцаарчилсан гэр бүлийн хосын сэтгэл зүйн олон дасгал, сургалтуудыг, мөн сургалтынхаа өрөөг ашиглаад бид бүлгийн фокус ярилцлагууд хийхээр төлөвлөж байгаа" гэлээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна үйлвэрлэл сургалтын хэсэгтэй. Мэргэжил олгох сургалт явуулж жилдээ 252 хүнийг бэлтгэхээр төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Гар урлалын чиглэлээр хоёр, гурван танхимд, эрэгтэйчүүд маань үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр бол 20 ажлын байр бий болсон. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа модон эдлэл, арьсан урлал, дархан, мужаан, гар утас засвар, дээл, хөөрөг даалин хийдэг энэ хүмүүс маань хийсэн бүтээгдэхүүнээ энэ төвөөрөө дамжуулж худалдаалан борлуулах орчин нөхцөл бүрдсэн" гэж ярилаа.
Энэ талаар мэргэжилтэн Б.Мөнхманлай "Оёдол сурмаар байна. Өөрийнхөө хувцсыг хийж сурмаар байна гэвэл манайх анхан шатны мэдлэгийг энд зааж өгнө. Манайх оёдлын үйлдвэртэй. Цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлээд эндээс сургаж авсан хүмүүсээ оёдлын төв дээрээ ажилуулах, ажлын байраар хангана гэж бодож байна" гэв.
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн борлуулалт үйлчилгээний хэсэгт 32 үйлдвэр эрхлэгчийн 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулт өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болжээ.
Цаашид эрэгтэйчүүдийн төв "Спортын, урлагийн үндэсний спортын клубүүдийг байгуулъя, хамтарч ажиллая гэсэн саналууд ирж байна. Гол нь энэ эрэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлийн сургалтууд үе шаттай хэрэгжээд эхэлж байна. Сургалтад хамрагдсанаар төсөл хөтөлбөрт хамрагдах боломжуудын эрэлхийлж байна. Мөн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудад хандсан. Олон талт үйл ажиллагаа явуулна" гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ярилаа.
Энэ төв нь эрэгтэйчүүдийг өөрийн авьяас чадвараа нээх, өөрийгөө хөгжүүлэх, оролцооны клубүүдэд нэгдэж баг хамт олонтой болох, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг олон талаар дэмжлэг үзүүлж ажиллаж юм байна.