Коронавирусын халдвар гарснаас хойш иргэд бага насны хүүхдэдээ, өөрсдөө витамин С-г өндөр тунгаар, өдөр тутамдаа хэрэглэх болсон. Бид үүнтэй холбогдуулан витамины зохистой хэрэглээний талаарх мэдээлэл бэлдсэнээ хүргэе.
Энэ талаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэр:
Бид хоол хүнсээрээ дархлаагаа дэмжих нь тун чухал. Гол нь халуун, бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Мөн уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх нь зүй. Үүнд мах махан бүтээгдэхүүн орно. Монгол хүн өдөрт 160-180 гр мах хэрэглэх жишиг хэмжээ бий.
Мөн үр тарианы төрлийн хүнсийг ч хэрэглэх ёстой. Үүнээс ургамлын гаралтай уургийн хэрэгцээгээ хангахаас гадна B-гийн төрлийн амин дэмээ авдаг. Үр тарианы төрлүүд нь бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 40 хувийг эзэлдэг. Ялангуяа хар гурил, бүхэл үрийн гурил, будааны төрөл, овъёос зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү тустай.
Сүүлийн үед иргэд Витамин C-г дур мэдэн хэрэглэх болсон байна. Энэ нь зөв. Гэхдээ витамин С-гээр баялаг хүнс олон бий. Тухайлбал чацаргана, аньс, нэрс, улаалзгана гэх мэт. Хэрвээ чацарганын өтгөрүүлсэн шүүс өдөртөө хоёр удаа уудаг бол өндөр тунтай витамин С хэрэглэх шаардлагагүй. Учир нь тухайн иргэн ямар нэг эрхтэн системийн эмгэгтэй бол заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Аль болох хүнсний бүтээгдэхүүнээс витамины хэрэгцээгээ хангавал аюулгүй.
Үүнээс гадна, Хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар хүүхдүүдийн 90 орчим хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна. Д амин дэмийг хүүхдэд 14 хоногтойгоос нь хэрэглүүлэх ёстой. Мэдээж эмчийн заавраар. Эцэг эхчүүдийн гаргадаг дийлэнх алдаа нь дур мэдэн хүүхдэдээ витамин хэрэглүүлж буй анзаарагддаг” гэв.