Улаанбаатар хот орчмын хөхтөн амьтны тархац, нөөцийн судалгааг хийж, тайланг гаргасан байна.
Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой. Тус газраас 2016 онд ан амьтны мэргэжлийн байгууллагаар хот орчмын хөхтөн амьтдын судалгааг гүйцэтгүүлэхэд 53 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн бөгөөд 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийлгэх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор мэргэжлийн эрх бүхий “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны ажлын үр дүнгээр Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн ба энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна.
Үүнийг багаар нь авч үзвэл:
- Шавж идэштэн 5,
- Гар далавчтан 5,
- Туулай хэлбэртэн 5,
- Мэрэгчтэн 22,
- Мах идэштэн 14,
- Туруутан 7 зүйл байна.
Эдгээрийг Дэлхийн Байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл:
Олон улсын хэмжээнд:
- Анхааралд өртөхөөргүй 86%,
- Ховордож болзошгүй 9%,
- Эмзэг 3%,
- Үнэлгээ хийгдээгүй 2%
Бүс нутгийн хэмжээнд:
- Анхааралд өртөхөөргүй 53%,
- Ховордож болзошгүй 12%
- Устаж болзошгүй 12%,
- Эмзэг 2%,
- Мэдээлэл дутмаг 15%,
- Үнэлгээ хийгдээгүй 5% байна.
Мөн 2016 онд тэмдэглээгүй:
- Vespertilio murinus – Буурал 5 сармаахай,
- Spermophilus dauricus – Дагуур зурам,
- Microtus fortis – Өргөөнч оготно,
- Myopus schisticolor – Ойн хөвхөлжин,
- Ovis ammon -Аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэж, Халиун буга, Бор гөрөөс, Янгир ямаа, Монгол тарваганы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж байна.
Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн 7 дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй, амьдрах орчны хуваагдал орсон зэрэг үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар