Нийтийн аж ахуй, үйлчилгээний 90 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон сүүлийн хоёр жилд буюу цар тахлын дэгдэлтийн хүнд цаг үед өвдсөн, тусгаарлагдсан хүмүүсээ нөхөж цаг ашиглалт сайтай ажилласан үйлчилгээний ажилтнуудаа урамшуулан алдаршууллаа. Ковидын ид дэгдэлтийн үед гурван хүний ажлыг зэрэг гүйцэтгэн өндөр ачаалалтай ажилласан албан тасалгааны үйлчлэгч Л.Бүтэд, Н.Бат-Эрдэнэ, Б.Оюунчимэг, Ц.Тунгалаг, И.Халтархүү, бүтээмж хариуцсан мэргэжилтэн Н.Булганцэцэг, цахилгааны механик Ц.Эрдэнэболд, диспетчер комендант П.Энхчимэг, аж ахуйн эрхлэгч Д.Нарангэрэл, цахилгааны тоног төхөөрөмжийн засварчин Х.Цогтгэрэл, цахилгаанчин Г.Батболд нарыг мөнгөн шаналаар урамшуулан уурхайчин хамт олонд нь алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулав. Харин Эрдэнэт үйлдвэрт тасралтгүй 27 жил хөдөлмөрөө зориулсан, албан тасалгааны үйлчлэгч Д.Байгалмааг гадаадад аялах эрхийн бичгээр шагнасан байна.