БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг энэ удаа "Гэрэгэ системс" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Сайнбаяртай ярилцлаа.
Хоёр жилийн өмнө “Гэрэгэ системс” ХХК-ийн Энхжаргал захиралтай Бизнес өрөг нэврүүлгээрээ ярилцаж байсан. Энэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гэрэгэ системс компани маш эрчимтэй тэлэлт хийсэн байна. Одоо ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?
Гэрэгэ системс компани гурван жилийн өмнө албан ёсоор байгуулагдсан. Үүсэн байгуулагдсан цагаас нь хойш би холбоотой ажиллаж ирсэн. Үүсгэн байгуулагч хоёртой бид дотны найзууд. Дараагийн арван жил би энэ салбарт өөрийнхөө мэддэг чаддагаа зориулж ажиллана. Гэрэгэ системс компани үнэхээр тэлсэн. Одоо тавиад төрлийн төслүүд зэрэг явж байна. Бизнесийн хувьд дараагийн төвшиндөө гарч байна. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлж, долоон охин компани төрүүлэхээр ажиллаж байна.
Мөн манай шинэ том төсөл бол Солонгосын хөрөнгө оруулалттай, хамтарсан Гэрэгэ Девита компани юм. Блокчэйн технологи дээр суурилсан эрүүл мэндийн үйлчилгээ. Смарт сити гэх мэт хотын утаа түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэх ийм компаниудыг байгуулж байна. Нийгмийн асуудлуудыг технологийн хүчээр шийддэг. Технологи амьдралыг хөнгөвчилж байдаг.
Гучин хүн хэрэглэдэг программ, гурван сая хүн хэрэглэдэг программ ч байсан адилхан л функц, UX дизайн бүгд л шаардагддаг. Анхны бүтээгдэхүүн гаргах хүртлээтехнологийн компанид асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Харин хэрэглэгчдэд хүрч, зах зээлд гарч чадвал хэрэглэгчдийн тоо нь хязгааргүй байж хэд дахин өсөөд явах боломж технологийн компанид л байдаг. Фэйсбүүк, Гүүглэ шиг хэдэн зуун сая хүн, хэдэн тэрбум хүнд үйлчилдэг бүтээгдэхүүн болдог учраас хөрөнгө оруулалтын өгөөж нь хэдэн мянга дахин үржиж байдгаараа онцлогтой. 3.3 сая хүн амтай ч гэсэн бид олон улсын зах зээлд бид оюуны чадавхиар бүтээгдэхүүн гаргаад, түүнийгээ хэдэн мянга дахин үржүүлж ашиг орлого олох боломжтой. 2012 оноос хойш гацчихсан байгаа энэ эдийн засгийг арав, хорь дахин тэлэх ажлыг мэдээллийн технологийн салбарын залуучууд л хийнэ.
“Нэгдэж байж хол явна. Гэрэгэ системс компани технологийн компани, программист залуустай нэгдэж, хамтдаа бизнесээ хөгжүүлэхэд бэлэн”
Манай технологийн компаниуд олон сайн програм хийж байна. Санхүүгийн үйлчилгээ, финтек салбар маш сайн хөгжиж, олон улсад өрсөлдөхүйц боллоо. Гэхдээ компаниуд давхардсан олон үйлдлийг зэрэг зэрэг хийж зардал цаг үрж байна, нэгдэх хэрэгтэй гэдэг. Та өөрийнхөө Саян компаниараа нэгдэж байгаа гэсэн үг үү?
Тийм. Би “Гэрэгэ системс” компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр би бусад программист, технологийн залуус, компаниудад ч хэлэхэд нэгдэх нь хурдан бөгөөд далайцтай хөдлөх том боломж. Хүсвэл та ч гэсэн санаагаа авч ирээд, манай “Гэрэгэ системс” тэй хамтраад, хувьцаагаа эзэмшээд хамтдаа шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, компаниа томруулах боломж нээлттэй. Компани гэдэг бол хамтрал, нөхөрлөл, хамсал гэсэн үг. Энгийн ярианд надад хань болооч гэж ярьдаг. Гэрэгэ системсийн үнэ цэнэ манай зуун ажилтан дээр л тогтож байгаа. Энэ зуун хүн хамтдаа нэгдээд, тэндээс цоо шинэ бүтээгдэхүүнүүд гарч, хэдэн сая хүнд үйлчилж байгаагаараа л онцлог. Миний хэлэх дуртай томъёо байдаг. 1+1=2 биш, 11 гэж. Та бид хоёр хамтдаа бизнес эхлүүллээ гэхэд тус тусдаа нэг, нэг хүн. Хамтарвал энэ тоо хэмжээ нь 10 дахин өссөн үнэ цэнийг бий болгож чадна.Гэхдээ зах зээл дээр техологийн компаниуд жижиг гэлтгүй олноор төрөх хэрэгтэй. Чөлөөт өрсөлдөөн явж байж инноваци бий болж, сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирнэ.Бид Израиль шиг болох ёстой. Израильд бараг л долоо хоногт нэг компани бирж дээр бүртгэгдэж, листед болж гарч байна. Старт ап үндэстэн болж байна. Монголчууд бидэнд ч энэ боломж ойрхон байна.
Блокчэйн дээр суурилсан эрүүл мэндийн Девита платформ дэлхийд гарна. Хэрэглэгч, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа бүх талуудад давуу тал олгоно.
Та бүхэн блокчэйн технологи дээр суурилсан эрүүл мэндийн Девита платформ гаргаж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарт ямар давуу тал үүсгэсэн бүтээгдэхүүн бэ? Олон улсад гарах боломжийг хэрхэн харсан бэ?
Манай Девитагийн гол онцлог бол эрүүл мэндийн платформыг блокчэйн суурьтайгаар хийж байна.Блокчэйн технологи гэдэг бол төвлөрсөн бус датабаз. Бие биенийхээ мэдээллийг хянаж, зэрэг шинэчлэгдэж байдаг сүлжээ. Жишээ авахад өнөөдөр Дорж гэдэг 35 настай залуу байя. Монголд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг рүү очиход түүний эрүүл мэндийн түүх хаана хадгалагддаг вэ. Технологи муутай эмнэлэгт үзүүлбэл цаасан дээр үлдэнэ. Дараагийн эмчид үзүүлэхдээ ахиад л давхардсан шинжилгээ өгөх болно, би ийм ийм эм ууж байсан гэж тайлбарлах болно, тайлбарлаж чадахгүй ч хүн бий. Эмнэлгээ солиод, шинжилгээ өгөх бүрд цаг, зардал урсана. Уг нь энэ хүн бүрийншинжилгээ өгсөн, эмчилгээ хийлгэж байсан эрүүл мэндийн түүх нэгдсэн байдлаар, аюулгүй газар хадгалагдаж байх ёстой юм. Энэ асуудлыг л манай Девита платформ шийдэж байгаа. Өвдсөн, шинжилгээ хийлгэх шаардлагатай гээд манайхан Солонгос, Тайландыг их зорьдог. Маш их хэмжээний мөнгө гадагшаа урсдаг. Девита платформ дээрх өөрийн эрүүл мэндийн мэдээллээ Солонгос, Тайландын эмч нарт үзүүлж, онлайнаар ярилцаж эмчилгээ авах боломж мөн бүрдэнэ. Хэрэглэгч, эмнэлэг, даатгал, энэ салбарт үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллага гээд гурван талд эрүүл мэндийн салбарын гурван талын зардлыг багасгах ач холбогдолтой платформ.
Монголын гадагшаа урсаж байгаа долларын урсгалыг зогсооход маш том нэмэр болж байгаа. Монголд эхлүүлээд гаднын зах зээл рүү гарна. Энэ үйлчилгээ дэлхийн бүх улс орнуудад хэрэгтэй байгаа. Америкийн иргэн ч Америкт эмчилгээ хийлгэх гэхээр өөрсдөө эрүүл мэндийн даатгалгүй хүмүүс их байдаг. Тэр хүмүүс арай хөгжил буурай Тайландад ч юм уу очоод хэд дахин хямд эмчлүүлэх боломж байгаа. Манай платформ олон улсын зах зээлд гаргаж байгаа инноваци шингэсэн бүтээгдэхүүн.
Мэдээллийн аюулгүй байдал гэдэг их чухал. Өвчний түүх бол аль нэг Засгийн газрын, аль нэг эмнэлгийн өмч биш. Таны хувийн мэдээлэл. Энэ өмчөө захиран зарцуулах эрх танд өөрт чинь байгаа. Гэрэгэ системс ч авч байгаа биш, нэгдсэн байдлаар, найдвартай газар байлгах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
Ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.