Улс төрийн гэмт хэрэгт гүтгэгдсэн иргэдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсан. Улмаар 2018 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш 2000 иргэн нөхөн олговор авахаар өргөдөл гаргажээ. Одоогийн байдлаар нөхөн олговроо авахаар хүлээж байгаа 720 иргэн байгаа бол шүүхэд материал нь хүлээгдэж буй 76 иргэн, харин нөхөн олговор болох 40-80 сая төгрөгөө авсан 1078 иргэн байна. Бидэнд хандсан иргэний гомдол мэдээллээр нөхөн олговроо авах гээд гурван жил хүлээж байгаа, мөн нөхөн олговроо авахаар хүлээж байхдаа нас барсан хүмүүс бий. Гэвч энэ талаар Цагаатгалын комиссын ажлын албаны дарга Л.Очирсүрэн нөхөн олговрыг хоёр жилийн дотор олгодог, хугацаа хэтрэх тохиолдол гардаггүй гэсэн тайлбар хэллээ.
Тэрбээр, “2022 оны төсвийн тодотголд 37 тэрбум төгрөг тавьж өгөөч гээд УИХ-д холбогдох мэдээллээ явуулсан байгаа. 11 дүгээр сарын дундуур мөнгө баталж өгөх байх. Ингээд 2022 оны нэгдүгээр сараас нөхөн олголт үргэлжилнэ.
ХЭЛМЭГДЭГСДИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР ОЛГОХ ХУУЛЬТАЙ
2021 онд 5 тэрбумыг баталж өгсөн. Үүнийг 102 иргэнд олгож мөнгө нь дууссан. Эдийн засгийн байдалтай уялдуулан мөнгө бага тавьсан учраас удаашрах асуудал үүсч байгаа. Хүсэлтээ өгөөд 3-4 жил болж байна гэх тргэний мэпээлэл худлаа. Хуулиндаа шүүхийн шийдвэр албажин ирснээс хойш хоёр жилийн дотор нэг удаа бэлэн мөнгөөр олгоно гэж бий. Хүмүүсийн дунд танил талаараа авдаг гэх хардлага их байдаг. Үүнийг хууль хяналт, тагнуулын байгууллагууд хянаж байдаг. 60 буюу түүнээс дээш настай амьдралын баталгаат түвшин доогуур иргэдэд эхний ээлжид өгнө гэж хуулинд заасан. 2019 онд шүүхийн шийдвэр нь манайд ирчхээд мөнгөө хүлээж байгаад нас барсан иргэд байгаа. Тэр 25 иргэний тухайд хэлмэгдсэн хүмүүсийн ач зээ нар нь өвөлж авч байгаа юм. Өвөлж авч байгаа учраас хойш татагдсан. Гэхдээ хоёр жилд нь бариулна.
НӨХӨН ОЛГОВОР АВАХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, ХУГАЦАА ДУУССАН
Мөн улс төрийн гэмт хэрэгт гүтгэгдсэн иргэдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль 2018 онд батлагдахдаа хугацаатай батлагдсан. Тиймээс одоо цагаатгуулах болон нөхөн олговор авах өргөдлийг хүлээж авахгүй. Хугацаа дууссан. Мэдсэнгүй хоцорчихлоо, материалаа бүрдүүлж яваад хоцорчихлоо гэсэн хүмүүс 5-6 байна” гэсэн юм.
Бид хэлмэгдсэдийн нөхөн олговор авахаар гурван жилийн өмнө өргөдлөө өгсөн боловч одоог хүртэл авч чадаагүй байгаа иргэнтэй холбогдож мэдээллийг тодрууллаа.
Иргэн, “Миний аав Зүүнхараагийн шоронд 10 жил хэлмэгдээд суусан. Ингээд нөхөн олговор авах хүсэлтээ өгөөд гурван жил болж байна. Бид эхээс дөрвүүлээ. Том эгч 76 настай түүнээс хамгийн бага нь 64 настай. Дандаа тэтгэврийн хүмүүс. Амьдрал янз бүрийн байдалд хүрэх юм. Би цагаатгалын комисс дээр олон очсон. Жилдээ 2-3 удаа очдог юм. Хамгийн сүүлд очиж Л.Очирсүрэн гээд даргатай нь уулзсан. Насаар нь жагсаагаад байгаа. Төсөв нь ирэхгүй болохоор өгөхгүй байна. Журмаараа өгч байгаа. Материалууд бүрдэж байгаа. 1800 хүний өргөдөл ирсэн гэж ярьсан” гэлээ.