Хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар Хөдөлмөр,/нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Тодруулбал өчигдөр 2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон байна.
Ингэснээр “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Хүүхдийн төлөө санд бүх хандив шилжүүлж буй.
Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу Хүүхдийн төлөө сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулахыг албаныхан хэлж буй.
Шинэ оны өмнөхөн бүх л урлаг соёлын одод хамтран "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагад хандив өгөхийг ард иргэдээс гуйсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаана, хэний дансанд байгаа нь тодорхойгүй байсан юм.
“Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллагыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо энтертайнмент"-ийн найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, "Sound of Mongolia" продакшны захирал Х.Дамдинсүрэн нар байгуулсан билээ.
Тэд өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаараа мэдээлэл хийж байв.