Үсэндээ таараагүй шампунь хэрэглэснээс болж үс амархан бохирдож хагтах шалтгаан болдог байна. Үс арьстай адил нүх сүвтэй хуйх хэсгээрээ амьсгалдаг учраас хэрхэн үсэндээ тохирсон арчилгаа хийх талаар “ESA” салоны захирал Б.Энхцэцэгээс дараах зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
Энэ талаар "Үс хуйх хоёртоо нэг л арчилгаа хийгээд байдаг. Мөн үсээ угаахдаа буруу угааж үсээ гэмтээдэг. Хуйх бол үснээс өөр учраас арчилгаагаа зөв хийж, тохирсон бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Үсэндээ үсэнд зориулсан тусдаа бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг.
Хуйхыг массажилж угаадаг бол үсийг массажилж, үрж угааж болохгүй. Тэжээлийн тос маскийг хуйхандаа түрхчихдэг. Өтгөн чанарын тэжээлийн тос, маск, ангижруулагч хуйхандаа хүргэх юм бол хагтах, унах гол шалтгаан болдог. Үсний маскыг үсэндээ хэрэглэнэ. Хуйханд ампул, тоник зэрэг хуйханд зориулагдсан шингэн төрлийн хуйхны нүх сүвийг бөглөөд байдаггүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Үснийхээ үзүүрт серум, тос түрхээд байдаг. Үүнийг заавал угаасан чийгтэй үед нь түрхэх ёстой. Энэ нь нороод ирэхээрээ үсний хайрс нээгдчихсэн байдаг учраас үснийхээ хайрс руу хэрэгтэй зүйлийг нь өгч байна гэсэн үг. Үсний хайрс хатахаараа хаагдчихдаг учраас гадуур нь сайн бүтээгдэхүүн хэрэглэсэн ч ямар ч үр дүнгүй.
Ахуйн хэрэглээний шампунь химийн орц найрлагатай байдаг учраас хуйхыг цэвэрлэх биш эсрэгээрээ гадаргуу үүсгэдэг. Тэр гадаргуу зузаарсаар байгаад үсний уналт, хаг болдог. Болж өгвөл скрабыг сардаа нэг удаа хийлгэх ёстой. Скраб хийснийхээ дараа уналтын эсрэг, эмчилгээний бүтээгдэхүүн сонгоод хэрэглэвэл маш үр дүнтэй.
Үсээ угаачхаад хатахаас нь өмнө индүү, сэнсний хамгаалалтыг заавал үснийхээ хайрсан давхаргын гадуур түрхэж байж үсээ хатаах ёстой. Тэгэхгүй бол угаалтаараа авсан чийг тэжээл нь сэнсээрээ ууршаад алга болчихдог. Индүү, сэнс хэрэглэх гэж байгаа бол заавал чийгтэй, нойтон үед нь хатахаасаа өмнө хамгаалалтаа түрхээд индүү сэнсийг хэрэглэх хэрэгтэй.
Үсний уураг хэрэгтэй юу? сайн болов уу гэж асуугаад байдаг. Үсний уураг үсийг бат бөх, чийглэг тэжээллэг байлгаж байх ёстой хамгийн гол зүйл. Тэгэхээр үсний уургаа алдагдуулахгүйн тулд салон дээр ч юм уу очоод үсний уургаа сардаа нэг удаа заавал өөрийнхөө үсэнд тохирсон уургийг сонгоод хийлгэх хэрэгтэй. Дараагаар нь гэрийн нөхцөлд уураг хийлгэсэн үсээ гэрийн нөхцөлд зөв бүтээгдэхүүнээр арчлах нь чухал. Тэгэхгүй бол салон дээр оччихоод уураг хийлгэчхээд түүндээ найдаад л яваад байдаг. Үс маань өөрөө хайрсан давхаргатай учраас уургийн дараагийн угаалт буруу байх юм бол тэр бол ямар ч үр дүнгүй байдаг.
Цайвар шаргал арьстай бол танд цайвар, цагаан блонд тийм өнгөнүүд танд илүү тохиромжтой. Бор арьстай хүмүүс би цайвар өнгөөр будуулъя гэдэг. Бор арьстай хүний хөмсөг нүд бараан талдаа байдаг. Хэрвээ цайвар өнгөөр будмаар байвал хөмсөгнийхөө өнгийг адилхан цайвар блонд өнгө рүүгээ дөхүүлэх хэрэгтэй. Нүднийхээ өнгө болон будалтыг мөн үснийхээ өнгөтэй дөхүүлээд будвал илүү танд зохиж харагдана гэсэн үг" гэж зөвлөлөө.