Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл өглөө.
Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна. Нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломжтойг хэллээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Иргэд гурав дахь тунд хамрагдах нь шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулахаас гадна хүндрэлээс сэргийлдэг. Эрдэмтэн судлаачид гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш болговол халдвар буурна гэж үзэж байгаа.
Зарим байгууллага ажилтнуудаа гурав дахь тунд бүрэн хамруулснаар халдварын тохиолдлыг бууруулж чадсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт өдөртөө 80-100 хүн халдвар авч байсан бол гурав дахь тунг нийт ажилтныхаа дунд өргөн хүрээнд хийснээр энэ тоо 10 дахин буурсан байна" гэлээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир "Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Зөвлөх баг ковид-19-ийн оношилгоо, зөвлөмжид үндэслэж заавруудыг шинэчилж боловсруулдаг.
Халдвар хамгааллын дэглэмийг иргэд мөрдөж хэвших хэрэгтэй. Нэг хүн шинжилгээ хийлгээд ирэхэд хамт 4-5 хүн дагаж эмнэлэгт ирдэг. Эмнэлэг бол эрүүл мэндийн байгууллага. Халдварын хамгийн эрсдэл өндөртэй газар. Нэн шаардлагатай хүнийг л хүмүүс дагаж явах хэрэгтэй. Эрсдэл өндөртэй, суурь өвчтэй, өндөр настай хүмүүс гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлагатай. Учир нь архаг суурь өвчтэй иргэдийн гуравдугаар тунгийн вакцинд хамрагдалт хангалтгүй байна" гэлээ.