МУГЖ, УИХ-ын гишүүн асан дуучин С.Жавхлан нарын хүмүүс "УИХ тар, Засгийн газар огцор, Ерөнхийлөгч ажлаа хий" гэсэн шаардлага бүхий суултыг төв талбай дээр 2021.10.15-ны өдөр эхлүүлсэн. Тэд суултаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлүүлж байна. Бид дуучин С.Жавхлангаас дараах асуултад хариулт авлаа.
– Таныг төлбөртэй жагсаал цуглаан хийж байна. Ард нь хэн байгаа юм бол, хэчнээн сая төгрөгийн эд хэрэглэл өмсчихсөн жагсаал цуглаан хийж байна гэсэн шүүмжлэл өрнөж, таны хувцас эд зүйлийн үнийг жагсаасан зураг хүртэл цахим орчинд яваад байсныг та харсан байх?
– Энэ малгай л гэхэд миний таван жилийн өмнө өмсөж байсан малгай. Энийг 75 сая төгрөг гэсэн байна лээ. Тэр зургийг манай дүү нар надад харуулсан л даа. Энэ 75 сая төгрөг юм бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалаан, энэ малгайг ирж ав. Би энэ ядарч байгаа хүмүүст тэр 75 сая төгрөгөөр чинь ядаж нэг түлээ түлшний юм, хоолгүй байгаа хүмүүст хоол авч өгье. Гадаад юмыг өнгөн хэлбэр талаас нь битгий хар. Өөр харлуулах юм олдохгүй байна шүү дээ. Төрд байгаа хүмүүс 100 мянган долларын бугуйн цаг зүүдэг. 2.500.000 төгрөгийн нэг шил архи ширээн дээрээ тавиад нэг шөнө олныг уудаг. Бид тийм л хүмүүстэй чинь тэмцээд байна. Энийг чинь дөрвөн жил би тэнд ажиллаад таньчихсан юм.
– Таныг өөрөө УИХ-д байхдаа юу хийсэн хүн юм бэ? Дөрвөн жил өөрөө парламентад байсан хүн байж одоо парламент тар гэж шүүмжилж болох уу гэж байна л даа?
– Би ордонд байсан болохоороо 76-г өмөөрөх ёстой биш шүү дээ. Би тэрэн дотор яг дөрвөн жил тэмцэж байгаад гарч ирсэн. Би тэнд байсан болохоороо тэр хүмүүсийг өмөөрөх ёстой юм уу? Үгүй. Худлаа юмыг бол С.Жавхлан үзэхгүй. Энэ Монголын түмэн олон чинь ч үзэхгүй байна. Одоо яг үнэхээр Монголчууд сэрж эхэлж байна.
-Таныг УИХ-ын гишүүн байхдаа кнопоо мөнгөөр үнэлж зардаг байсан. Дөрвөн тэрбум, тэрбум хүртэл төгрөгөөр кнопоо арилждаг. Хөөргөө хүртэл худалдаж авахыг гишүүдийн өрөөгөөр ороод санал болгодог гэсэн шүүмжлэл ч байна?
– Хэрвээ тэгсэн бол би аль хэдийнээ гаргаж ирээд тэр мөнгөө гудамжаар цацсан байгаа. Энэ хүмүүс айгаад надтай тийм зүйл ярьж чадах ч үгүй. Хэрвээ тэгсэн байсан бол энэ зүйлүүдээ нотол. Энэ хэд чинь тухайн үед 32/33-аараа хуваагдсан байсан биз дээ. Эд нарын хоорондын хэрүүл биз дээ. Энд нь бие даагч гишүүн С.Жавхлан ямар хамаатай юм. Эд нарын хэрүүл надад ямар хамаатай юм. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрыг жинлээд тавихаар тухайн үед надад яаж харагдаж байсан бэ гэхээр улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа хүний хувьд У.Хүрэлсүх нь арай дээр юм уу, арай нэг Монгол гэсэн элэгтэй юм уу даа гэж харагдаж байсан. Тийм болохоор би У.Хүрэлсүх гэж нөхрийг дэмжээд, улс төрийн шийдвэр гаргаж байлаа шүү дээ.
-Сангийн сайд Б.Жавхлан таны талаар ноцтой мэдээлэл өглөө. С.Жавхлан бид нар өнгөрсөн дөрвөн жил нэг танхимд тохой залгаад суусны хувьд уулзсан. Ковид цар тахлын энэ үед манай урлагийнхан хүнд байна гэж ярьсан. Урлагийн төсөл хөтөлбөр байна, аймгуудаар тойрно. Нэг аймгаар тойроход л төдий хэмжээний зардал гарна. Нийтдээ дөрөв гаруй тэрбум зарцуулах шаардлага байна. Энэ төсвийг гаргаж өгөөч гэсэн мэдээлэл өглөө. Энэ үнэн үү? Та хэзээ ямар зорилгоор уулзаж мөнгө нэхэв?
– Би сангийн сайд Б.Жавхлантай уулзаагүй. Энэ бол ор үндэслэлгүй цэвэр гүтгэлэг. Харлуулах юм нь олдохгүй болохоор аргаа бараад гүтгэж байна.