Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 9-р сард НҮБ-ын чуулганд оролцохдоо “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлэхээ зарласан. Үүнтэй холбогдуулан “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөний талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэд:
“Зөв шийдвэр ч гэсэн цаг үеэ олоогүй санагдлаа. Тэрбум мод тарихаас өөр чухал асуудал маш их байхад энэ нь таатай санагдаагүй. Эдийн засаг хүнд байгаа энэ үед заавал тэрбумаар нь тарих шаардлагагүй баймаар. Мод тарих өчнөөн цаг хугацаа байна”
“Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс бүгд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Одоогийн нөхцөл байдалд байшингаас байшингийн хооронд амьдарч, амьсгалах агаар дутмаг байна. Тиймээс модоо тариад эрүүлээр амьсгалах нь чухал. Бидэнд агаар дутагдаж байгаа учир өвчлөлд хурдан өртөж, өвчлөл арилахгүй байгаа болов уу гэж бодож байна”
“Хүчилтөрөгч, бодисын солилцоо, ургамал байхгүйгээс болж өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байна”
“Мал, амьтанд идүүлэхгүй хамгаалах хэрэгтэй. Мод, ургамал тарихаар малд идүүлэх асуудал их анзаарагддаг. Нэгэнт улсыг төсвөөс хөрөнгө санхүүжилт гаргаж хийж байгаа болохоор хариуцлагатай байх хэрэгтэй”
“Хамгийн чухал нь ажлаа хийсэн шиг л хийх хэрэгтэй. Удахгүй мод нь үхээд, нүх үлдэх вий гэдэгт санаа зовж байна. Заавал тэрбум гэхээс илүү чанартай хэдэн сая байсан нь илүү нүдээ олсон ажил болно доо” гэв.