УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.
– 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу?
– Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ шийдвэр удахгүй гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.
– Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?
– УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй. Эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье.
Оюутнууд гадуур их явж байгаагаас үүдэн халдвар их гарч байна гэсэн мэдээлэл ирж буйг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Нийслэлд 21 сургуулийн оюутны байр байна. Өнөөдрийн байдлаар 209 оюутан коронавирусийн халдвараар өвдөж, 91 нь дотуур байрандаа, 25 нь гадуур оршин сууж буй хаягаар гэрийн хяналтад, 13 оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 135 нь эдгэрсэн" мэдээллийг өглөө.
Харин хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэд болон оюутнууд халдвараар өвдвөл түр оршин суугаа газрын өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн юм.