Коронавирусийн мутацлагдсан дельта хувилбар улс орны хэмжээнд 90 хувьтай тархсан байна. Мутацлагдсан хувилбар тархаж байгаа учраас иргэдийг дахин коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэлтэй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Монгол улсын хэмжээнд хоёр дахь тундаа хамрагдсан 2.1 сая иргэн байгаа. Эдгээр иргэдээс 100 гаруй мянган хүн дахин коронавирусийн халдвар авсан бол гурав дахь тундаа хамрагдсан 310 мянган иргэдээс нэг хувь нь дахин коронавирусээр өвчлөөд байгаа юм.
Энэ талаар "Вакцинжуулалтын үйл явц улс орон даяар идэвхтэй явж байна. вакцины дараа дахин халдвар авах тохиолдол байна. вирус мутацид орж хувилбар үүсгээд байна. 5, 6, 7 сарын коронавирусийн шинэ тохиолдлуудад альфа хувилбар давамгайлж байсан. Үүнээс хойш дельта гэдэг шинэ хувилбар ороод ирлээ. Одоо манай улсад дельта хувилбарын тархалт 90-91 хувьтай байна. Вирус мутацлагдаад шинэ хувилбар үүсгээд байгаа учраас өмнө нь вакцинаа хийлгэсэн ч шинээр халдвар авах тохиолдол гараад байна. Дельтагаас гадна дельта плаз, мю гээд шинэ шинэ хувилбарууд тодорхойлогдсон байна. Олон улсад шинэ хувилбаруудыг анхаарал татаж буй хувилбарууд, анхаарах ёстой гээд хэд хэдэн ангиллаар ангилдаг. Энэ ангиллаар дельта хувилбар олон улсад 90-100 хувийн тархалттай байгааг тогтоосон.
Нэг тун, хоёр тун хос тун вакциндаа иргэд хамрагдсан. Сүүлийн үед дархлаа дэмжих гурав дахь тунг хийлгэж байна. Хос тунгийн дараа дархлаа өдөөх чадвартай биднийг хамгаалах эсрэг биеүд хүний биед тодорхой хэмжээгээр нийлэгждэг. Гэхдээ энэ нийлэгжилт цаг хугацаа явагдах тусам бага багаар багасдаг. Багассаар байгаад дархлаа сэдээх хангалтгүй төвшинд хүрдэггүй. Энэ үед нь дархлааны идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор гурав дахь тунг хийж байгаа гэсэн үг. Вакцинжуулалтыг халдвартай ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Вакцинжуулалтын дараа дархлааны хариу урвал биднийг хамгаалах эсрэг бие халдварын дараа ч үүснэ. Нэгдүгээрт тус тусдаа ойлголт, хоёрдугаарт хольж болохгүй. Яагаад гэвэл давхцаж халдвар авч байгаа болохоос биш вакцины хоёр дахь гурав дахь тунг хийлгэснээс болж халдвар авсан гэдэг ойлголт бол буруу гэсэн үг. Хоёр тун, гурван тун хийлгэсэн хүмүүс маш сайн хамгаалагдаж байна. Тийм учраас вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна" гэж ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан хэллээ.