Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнөөдрийн жагсаал цуглаантай холбоотой тайлбар өглөө.
Тэрээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаж цуглах, үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Энэ олон улс төрийн эрхийн нэг нь жагсаж цуглах эрх. Миний хувьд өөрөө жагсаал цуглаанд оролцож явсан хүн. Тийм учраас Засгийн газрын хуралдааны үеэр иргэдийн жагсаж цуглах эрхэнд туйлын хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг хэлсэн. Тавьж байгаа асуудлыг нь шүүмжлэл бус зөвлөгөө гэж хүлээн авч ажилдаа тусгах ёстой.
Хүмүүс ажиглахгүй л байгаа болохоос хоёр тойрогт нөхөн сонгууль явагдаж байна шүү дээ. Сонгуультай холбоотой улстөржилт нэмэгддэг. Гэхдээ би ганцхан л зүйлийг хүсэж байгаа. Энэ бол ковидыг улстөржүүлэхгүй байх явдал. Мөн дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа хор хөнөөл болох зүйлийг битгий улстөржүүлээч гэж хүсэж байна. Бусад нь бол улс төрд байдаг л зүйл" гэлээ.