Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа алдаж хохирсон иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр СХД-ийн тавдугаар хорооны иргэдийг төлөөлж ирсэн иргэн,
“Манай хорооноос гэхэд 800 гаруй айл дахин төлөвлөлтөд орохоор газраа өгсөн. Эдгээр айлын 180 гаруй нь өнөөдөр орох оронгүй байна. Энэ нь 180 хүн гэсэн үг биш түүний цаана гэр бүл үр хүүхэд гээд маш олон хүн хохирч байна. Миний хувьд найман жил тогтсон хаяггүй болж энэ тэрүүгээр тэнүүчилж амьдарч байна. Түрээсээ ч дийдэхгүй гуйлгачин болохын наагуур л байна. Энэ хохирсон хүмүүсийн өмнө Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай буруутай. Шүүхийн шийдвэрээр "Гранд лайн" компани ард иргэдийг залилсан болох нь тогтоогдсон шүү дээ. Гэтэл энэ компаниас ямар ч сураг ажиг алга.
Гэтэл тэр биднийг доромжилж байгаа юм шиг Э.Бат-Үүл СХД-т нэр дэвшинэ гээд гүйж байна. "Сонгинохайрханчууд намайг үнсэж угтана" гээд телевизээр ярьж байна билээ. Үнсэж биш өндгөөр угтана. Ядаж энэ асуудлаа шийдэж өгөөд нэр дэвших хэрэгтэй шүү дээ. Бид хүнд байдалд орж хохирч үлдсэн 184 айлын төлөө суулт хийнэ. Энэ асуудлыг нарийвчлан дахин хэвлэлийн бага хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд газраа чөлөөлсөн иргэн "Манайх “Гранд Лайн” ХХК-д 2014 оны зургадугаар сарын 4-нд газраа чөлөөлж өгсөн. Үүнээс хойш долоон жилийн турш би настай ээж, хүүхдүүдтэйгээ орох оронгүй явна. Энэ асуудлыг даруйхан шийдэж өгөхгүй бол нөхөн сонгуульд нэр дэвшиж буй Э.Бат-Үүлийн сонгуулийн уулзалтад очиж өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлнэ. Гурван шатны шүүхээр "Гранд Лайн" ХХК иргэнийг хохироосон гэдгийг 2020 онд тогтоосон. Гэтэл одоог хүртэл хохирол барагдуулаагүй энэ компанид маш их гомдолтой байна. Зөвхөн манайх биш Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлж өгсөн 48 өрх орох оронгүй байна" гэж ярилаа.