УОК-ын Эрдэмтдийн багийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр ковидийн вакцинжуулалтын үр дүн болон амны хаалттай холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай улсад одоогийн байдлаар 255 мянган хүн гурав дахь тунгаа хийлгээд байна. Эдгээр 255 мянган хүнээс зөвхөн 0.1 хувь нь тунгаа хийлгэснээс 14 хоногийн дараагаар өвчилсөн байна. Эндээс юу гэж дүгнэж болох уу гэхээр гурав дахь тун бол таныг халдвар авахаас сэргийлж чадаж байна гэдэг дүгнэлт гарч байна. Халдварын тархалт өндөр байгаа энэ хүнд үед амны хаалт бол халдвараас хамгаалах дөрөв дэх тун юм. Учир нь зөвхөн монголд төдийгүй олон оронд амны хаалтыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч гэсэн тогтмол зүүхийг уриалж байна. Амны хаалтыг гэрээсээ өөр орчинд авахгүй байх шаардлагатай. Амны хаалтаа авч үйлчилгээ авдаг гуанз, ресторан, кофе шоп, паб, ресторанд орохгүй байх хэрэгтэй. Амны хаалтыг тогтмол хэрэглэж байгаа хүмүүсийн дунд өвчлөл огт бүртгэгдэхгүй байна. Амны хаалтыг хэрэглэснээрээ та өөрийгөө өвчлөлөөс сэргийлж чадна. Мөн гэрийнхнийгээ хамгаалж чадах хамгийн шилдэг арга бол амны хаалт юм. Тийм учраас амны хаалт бол халдвараас хамгаалах дөрөв дэх тун юм” хэмээн онцоллоо.