Реппер Big Gee өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байна. Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны ӨЭМТ-д ажиллаж байгаа.
Энэ талаараа тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.
Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана.
Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүсээ" хэмээн постолжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн салбарын эмч, ажилчид таазандаа хүрсэн ачаалалтай ажиллаж байгааг онцлон энэ салбарт эмч, сувилагч болон сайн дурын ажилтан хэрэгтэй байгааг сүүлийн өдрүүдэд хийсэн мэдээлэл бүрдээ тодотгосоор байгаа юм.
Тиймээс, эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсч байгаа тул ЭМЯ-наас Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилтнууд ажиллуулж байгаа.