ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хоёр сартай хүүхдэд үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс засал амжилттай хийжээ. Хүүхэд 4 кг жинтэй бөгөөд хавдар 1064 гр байжээ.
Хүүхдийн бие ямар байгаа талаар тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр "Хүүхдийн бие тогтвортой, одоогоор Сэхээний тасагт байгаа. авсан хавдрыг шинжилгээнд өгөхөд хоргүй хавдар гэсэн хариу гарсан" гэлээ.
-Хүүхдийн биеийн дөрөвний нэгийн чинээ том хавдар авчээ. Ийм хавдрыг эхийн жирэмсэн үед, эсвэл төрөнгүүт нь оношлох боломжтой юу?
-Боломжтой. Ураг байхад нь оношлоод, төрөнгүүт нь мэс засал хийх ёстой юм. ЭХЭМҮТ-д жилд 2-3 ийм оноштой хүүхэд мэс засалд ордог. Яаралтай мэс засал хийсэн бол хавдар ингэж томрохгүй, хүүхдэд хүндрэл өгөхгүй байсан. Энэ хүүхэд маань Хэнтий аймгаас ирсэн.
-Хүүхэд ямар зовуурьтай ирсэн бэ?
-Хэвлий нь томорч, судас өргөссөн. Шээж, бааж чадахгүй байсан. Том хавдар авсан учир биеийнх нь тэр хэсэгт онгорхой зай үүссэн, цус багадалт үүсэх зэрэг хагалгааны дараах эрсдэл бий. Тиймээс Сэхээний тасагт нэг хэсэг эмчилнэ. Одоогоор хүндрэл гараагүй байна. Эхний шинжилгээгээр хавдар нь хоргүй гэж гарсан. Баталгаажуулахын тулд дахин эдийн шинжилгээнд өгөөд байна. Хэрэв хоргүй бол эрсдэл багатай гэв.
Эх сурвалж: ЭХЭМҮТ