УУХҮЯ-наас шатахууны хангамжийн талаар мэдээллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр "Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас авдаг. ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлдэг "Роснефть" компани үйлдвэртээ их засвар хийсэн. Засвар нь их цаг авсан ч 2020 оны засвараас хийж амжаагүйн улмаас 2021 онд өмнөхөөсөө их засвар хийхээр болсон. Засвар нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Мөн БНХАУ-ын төмөр замын зогсолтын улмаас шатахууны хомстол үүссэн.
УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газраас хамтарсан ажлын хэсэг гарч Роснефть компанитай уулзсан. Улмаар 1500 тонн АИ92 бензинийг эхний ээлжид нийлүүлсэн. Үүний 1200 тонн нь ирсэн.
Нийт 44 мянга орчим тонн газрын тосны захиалга байна. Мөн есдүгээр сард захиалсан авч чадаагүй байгаа 9000 орчим тонн шатахуун ирэх учиртай.
БНХАУ-аас 150 вагон энэ сардаа багтааж ирэх төлөвлөгөөтэй.
Өчигдөр шөнө БНХАУ-аас 50 вагон Замын-үүдээр ирсэн. Нийт 32 вагоныг нь шилжүүлэн ачаад байна. Үүний 25 вагон Улаанбааар хот руу гарсан. Бид татан авалтыг цаг хугацаа алдахгүйгээр хийхээр ажиллаж байна.
Дотоодын АИ92 бензиний хэрэглээ өдөрт 1000 гаруй тонн байдаг. Шинээр ирсэн бензинийг ААН-үүдэд жигд хуваарилахаар ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн хүлээцтэй хандана уу. Ирэх долоо хоногийн сүүлээс хэвийн байдалтай орох байх гэсэн хүлээлттэй байна.
Өргөн хэрэглээний шатахууны үнийг чөлөөлөхөөр ярилцаж байгаа ба урт хугацаандаа хэрэгжинэ" гэв.