Хичээлийн шинэ жил бол хүүхэд багачуудын хөөрч догдлон хүлээдэг баяруудын нэг. Гэтэл амьдралын боломжгүйгээсээ үүдэн хөөрч догдлох нь битгий хэл хичээлийн хэрэгслээ бэлдээгүй, өмсөх хувцасгүй учраас сургуульдаа явахгүй гэх хүүгийн ээжтэй бид ярилцлаа. Түүнийг Б.Мөнхбаяр гэдэг. Бамбайн хордлоготой мөн нурууны өвчтэй учраас ажил хийж чаддаггүй талаараа бидэнд хэлсэн юм.
Энэ талаар иргэн Б.Мөнхбаяр,
-Манайх ам бүл зургуулаа. Сургуулийн насны хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж амжаагүй л байна. Цамц байхгүй, өмд нь багадчихсан байна билээ. Бид хоёрт хэн л хувцас авч өгөв гэж. Ирэх сарын 15-нд халамжийн мөнгө буутал гээд байж л байна. Хүүгийнхээ 100 мянга, өөрөө 288 мянган төгрөг авдаг юм.
Энэ мөнгө маань амьдралд мэдээж хүрдэггүй. Мах гэхэд л нэг нь 5000-6000 болчихлоо. Манайх талонд нь оръё гээд уржнан хөөцөлдсөн. Бие арай л дээр байсан юм. Тэгэхэд талонд хамруулаагүй. Саяхнаас нуруу тэнийж ч чадахгүй болсон.
25 ширхэгтэй эм гэхэд 16 мянган төгрөг болчих юм. Хуучин 8000 төгрөг байсан. Нэг нугалаад нэмэгдчихсэн. Эмээ бололцооныхоо хирээр аль болох таслахгүйг хичээгээд л байна. Хамгийн гол нь Бамбайн хордлогын эм. Тэр эмээ л таслахгүйг хичээдэг. Заримдаа яалт ч байхгүй тасалддаг.
-Та яагаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаараад даатгалаараа эмнэлэгт үзүүлдэггүй юм?
-Явж чадахгүй юм. Явахаасаа явахгүй нь их. Хэд алхаад л нуруу өвдөөд огт алхаж чадахгүй байгаа.
Бид СХД-ийн 41 дүгээр хороор уу тухайн айлыг яагаад талонд хамруулаагүй, хорооноос ямар дэмжлэг үзүүлдгийг лавлахаар очиход тэнд ажиллаж буй хүн байгаагүй. Өөрөөр хэлбэл удирдах албан тушаалтнууд нь бүгд ээлжийн амралтаа авсан талаар тухайн хорооны мэргэжилтэн хэллээ. Мөн иргэн Б.Мөнхбаярын амьдарч буй хаягийг хороонд бүртгэлгүй гэсэн юм. Энэ үеэр СХД-ийн 41 дүгээр хорооны сайн дурын ажилтан Г.Батсайхан,
-Хэсгийн ахлагч нартайгаа уялдаа холбоотой ажилладаг. Ингэхдээ хорооны хаяг тодорхойгүй айлуудад очоод Улаан Загалмайгаас болон Дэлхийн зөнгөөс үзүүлж байгаа дэмжлэгүүдийг цаг тухайд нь айлуудад үзүүлсэн. Яг тэр айлд хоол хүнсний зүйл өгчихсөн.
-Өвөл л хоёр шуудай нүүрс, боов боорцог өгсөн. Түүнээс өөр дэмжлэг үзүүлээгүй гэж байсан?
-Яг тэр айл дээр сайн мэдэхгүй байна.
Бид тухайн хорооны өрхийн эмнэлэг дээр очиж иргэн Б.Мөнхбаярт эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг эсэхийг тодруулахад сувилагч Ц.Нямсүрэн,
-Б.Мөнхбаяр манай тавдугаар бүлэгт багтдаг юм. Бид 14 хоног тутам гэрээр очиж үзлэг хийдэг.
-Яг очиж байгаа юу? Сая эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй удаж байгаа талаар хэлсэн?
-7 сард манай эмч очсон байх. Заримдаа очиход өөрсдөө гэртээ байдаггүй.
-Энэ хаяг танай дээр хамааралтай хаяг мөн үү?
-Мөн
-Цаашдаа очиж үзнэ гэсэн үг үү?
-Үзнэ. Байнга хяналтдаа авдаг. Мөн шаардлагатай эм тариаг цаг тухайд нь хувиасаа болон эмнэлгээс гаргаад өгдөг.
-Биеийн байдал нь их хүнд байсан. Та бүхний хувьд хэзээ очих вэ?
-Маргааш би эргэлтээрээ гарна.
СХД-ийн 41 дүгээр хороонд очиход иргэн Б.Мөнхбаярын оршин суудаг хаягийг хороонд бүртгэлгүй гэж мэдээлсэн бол өрхийн эмнэлгийн зүгээс тухайн хаягийг хороонд хамааралтай, 14 хоногтоо нэг эргэж очдог талаар мэдээлсэн юм. Ийнхүү иргэний хэлсэн мэдээлэл хороо, өрх дээрээс өгч байгаа тайлбар мэдээлэл зөрж буй юм.