Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар Жуулчдын гудамж буюу "Гутлын 22"-т өнгөрөгч долдугаар сарын 26-нд нийслэлийн анхны "Өглөөний гудамж"-ийг нээсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар дүүрэг бүрд өглөөний гудамжтай болох чиглэл өгчээ. Энэхүү чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн 1 дүгээр хороонд нийслэлийн хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг нээлээ.
"Өглөөний гудамж"-ийг нийтийн эзэмшлийн 600 м2 талбайд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Мөн хуванцар савны хэрэглээг багасгах үүднээс уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорго, иргэдийн хаясан гээсэн олсон зүйлсийг эздэд нь олгох хэсэг байршуулсан нь онцлог байв.
Мөн тамхины цэг, чөлөөт хэвлэл буюу номын сангийн булантай. Тиймээс иргэд ирж ном уншингаа алжаалаа тайлах бүрэн боломжтой. Гудамжны ойр орчимд Super size coffee, Tous Les Jours, CU, GS-25 зэрэг арав гаруй үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. ААН-үүд өглөө 06.00 цагт нээнэ. Тухайн байршлыг сонгохдоо байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талын судалгааг үндэслэжээ.