"Эрдэм" хүүхэд хамгаалах төв асрамжийн газарт өсөж буй н.Батбилэг хүү төрөлхийн сонсголгүй ч сайхан сэтгэлт “өргөсөн” ээж, алтан гарт эмч нарынхаа ачаар хорвоо дэлхийн олон гайхалтай ая, эгшгийг сонсож чаддаг болжээ.
Энэ оны гуравдугаар сараас эхлэн 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцах болсон.
Тухайлбал, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, уруул, тагнайн сэтэрхий, нүд болон хүзүүний бусад төрөлх гажиг, сонсголын төрөлхийн гажигийн мэс заслын бүх зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж бяцхан үрсийн гэр бүл, хайртай дотны хүмүүсийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдсэн юм.