Угалз агнуурын зөвшөөрөлтэй холбоотой БОАЖЯ-ны албан тушаалтнуудын эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох асуудлаар Судлаач агнуур зүйч доктор С.Амгаланбаатар МБОИЗ-ын хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр байгаль орчны асуудлаар ялангуяа ан амьтны асуудлаар тодорхой байр сууриудыг шийдвэрлүүлэхээр БОАЖЯ, Засгийн газар, УИХ-д танилцуулсан. Гэвч өнөөдрийг болтол шийдвэрлээгүй учир засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Аргаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, агнуур зүйч, доктор С.Амгаланбаатар
“Монголчууд ан агнуурын дэлхийд танигдсан олон жилийн туршлага уламжлал, өв соёлтой. Гэвч сүүлийн үед энэ уламжлал соёл нь ан агнуурын асуудлыг хувийн ашиг сонирхолруу хөтөлж амьтны амиар зугаа хийх болоод байна.
Ан амьтан гэдэг өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж байдаг нөхөн сэргээгдэх баялаг. Гэхдээ ан амьтнаа хамгаалах, зүй зохистой хандах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
1967 оноос хойш 2021 оныг хүртэл Монгол улсад 3200 угалзыг хамгийн том эвэртэйгээс нь сорчлон агнуулсан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн арилжааны зориулалтаар байсан. Энэ дундаас бид ядаж бага хэмжээний орлогыг нь ч болтугай амьтдаа хамгаалахад зарцуулъя, ямар нэг ашиг хонжоо хайхаа больё гэдэг санал гаргаж БОАЖЯ-д тавьсан. Тухайн үед салбарын сайд байсан Н.Цэрэнбат энэ саналыг дэмжиж, нэг угалзыг хамгаалах зорилгоор агнуулахыг зөвшөөрсөн боловч цар тахлын улмаас төсөл хэрэгжээгүй.
Энэ төслийг Монголын төрийн бус байгууллагууд санаачлаад АНУ-ын аргаль хамгаалах сангаас санхүүжилт авч, аргаль хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ онд төслийг хэрэгжүүлэхээр болсон боловч салбарын сайд тамга дарж өгөөгүй. Тиймээс энэ төсөл маань гацахад хүрээд байна. Бидний зөв жишиг тогтоох гэж байгаа энэ оролдлогыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан саатуулаад байгаа юм.
Мөн угалз агнуулах зөвшөөрлийн тоо гурван оронтойд хүрсэн анхны тохиолдол энэ жил болж байна. Тавдугаар сард гаргасан зөвшөөрлөө зургаадугаар сард өөрчилж, өөр хүмүүст хуваарилсан байсан.
Энэ мэт угалзын лиценз нь сайд болоод түүний танил талын хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл байх ёстой гэдэг энэ зарчмыг бариад байж болохгүй. Энэ бусармаг үйлдлийг зогсоох хэрэгтэй байна.
Сайдын хийсэн энэ үйлдэл байгаль орчин тэр дундаа тусгай агнуурын салбарын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэж байгаа юм. Засгийн газар “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриа гаргаж гарч ирсэн. Бид үүнд нь итгэж сонголтоо хийсэн. Гэтэл өнөөдөр баялгийн эзэн нь сайд ба түүний хамаарал бүхий хүмүүст гэсэн уриагаар солигдсон гэдгийг салбарын сайд энэ үйлдлээрээ нотоллоо” гэлээ
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс дараах гурван шаардлагыг засгийн газарт хүргүүлж байгаа юм.
- БОАЖ-ын сайд Н.Уртнасан бодит мэдээлэлд эрүүл саруулаар үнэлгээ дүгнэлт өгөөд тусгай зориулалтын агнуурын асуудлыг талуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, харилцан ойлголцолд хүрэхийг шаардаж байна.
- Агнуурын бүс нутагт хэнтэй гэрээ хийхийг зааж, хууль дүрэм зөрчдөг БОАЖ-ын сайдын үйлдлийг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай шалгаж, намын нэрээр, улс төрчдийн захиалгаар томилогдсон, Монгол орноо гэсэн сэтгэлгүй, шударга ёсыг тогтооход харшилтай албан тушаалтнуудын цуваагаа таслан зогсоож, эх орончоор байгаль орчинд ээлтэй бодлого барьж ажиллахыг шаардаж байна.
- БОАЖ-ын сайдад удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Дөрвөн удаагийн албан бичигт ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Эдгээр албан тоотуудад албан ёсоор хариу өгөхийг хүсэж байна.
Мөн тус байгууллагууд БОАЖ-ын сайдын удаа дараагийн бусармаг үйлдлүүд дээр үндэслэн түүнийг авилгатай тэмцэх газарт шалгуулна гэдгээ мэдэгдлээ.