Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал үүсэж байгаа.
Асуудал бүрийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн тасралтгүй нөөцийг бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэйгээ тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч буй юм.
Ковид-19 өвчин дотоодод бүртгэгдсэнээс хойш нэн шаардлагатай, эм, тариа зэргийг тасралтгүй хангасан Монгол эм импекс концерн болон Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлэх боломжоор хангаж ажилласан олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс байна. Эдгээрийн төлөөлөл болгож 2021 оны 8 дугаар сарын 13 өдөр буюу Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан Лайфтроник ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Сулин хайрхан ХХК, Пролианс ХХК-д Эрүүл мэндийн яамны удирдлага талархал илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Эрхэмбаяр нарын хүмүүс оролцож талархал илэрхийлсэн юм.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын онцгой нөхцөлд Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад хамтран ажиллаж мэргэжлийн ур чадвар гаргаж буйд нь талархаж буйгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг илэрхийллээ.