Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудтай хариуцлагын гэрээ байгуулж, үе шаттай нээж болно” хэмээн хариулсан юм.
Гэвч уг шийдвэрийг эсэргүүцсэн зарим байгууллага өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулна хэмээн мэдэгдлээ.
Тэдний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
МЭДЭГДЭЛ!
Төр засгийн ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.
2020/01/27 өдрөөс эхлэн хамгийн удаан хугацаанд хязгаарлагдсан салбар бол караоке, баар. Хоёр жилийн хугацаанд хаахад караоке, баарны салбарынхан хамгийн их хүлээцтэйгээр төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасаар ирсэн билээ.
Гэтэл НОК-ын онлайн хурлаар хариуцлагын гэрээ хийн нээхээр болсон ч нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмж ажиллуулахгүй гэсэн амьдралд нийцгүй зүйл заалт нь ТҮРЭЭСЛЭГЧ, ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ аж ахуйн нэгжүүдийн дунд тодорхойгүй ойлгомжгүй, яс хаясан, хорлосон, ТҮРЭЭСийн өр төлбөрт унагаж бүр мөсөн энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бизнес эрхлэгчдийг дампууруулах гэсэн арга хэмжээ гэж ойлгож байна.
Караоке бар гэдэг нь дуу хөгжмийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглож үйлчлүүлэгчид дуулж, стрессээ тайлдаг нэг төрлийн үйлчилгээний салбар байтал нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй Lounge, Pub чиглэлээр ажиллуул гэдэг нь үйлчилгээний газруудын үйлчилгээний онцлог, ялгаа, зориулалтыг үгүйсгэсэн шийдвэр гарч байна
Хэрвээ дуу хөгжмийн нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй үйлчлэх бол хотоор дүүрэн Pub, Lounge, Restaurant байхад үйлчлүүлэгчид яах гэж караокед орох билээ. Гэртээ ч тойрч суугаад микрофон, хөгжим техникгүй дуулж болох тул ямар ч үйлчлүүлэгч нэмэлт мөнгө төлж орж ирж үйлчлүүлэхгүй.
2000 оноос хойш энэ чиглэлийн бизнес хөгжөөд гаднаас цэвэр агаар өгөх, дотроос муу агаарыг сорох иж бүрэн агааржуулалтын систем, air condition хөргөлтийн системийг хүртэл өрөө бүрт тусгайлан тус тусад нь шийдэж өгдөг болсон.
Ариун цэврийн өрөөг хүртэл өрөө бүрт нь тусад нь гаргаж өгч зочдын тав тухыг иж бүрэн ханган бусад өрөөний зочинтой холилдуулахгүйгээр хөрөнгө мөнгө зарцуулан үйлчилгээний урсгалыг төлөвлөн хийдэг болсон байтал хөгжимийн тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь нэг газраа хураагаад бэлдээд тавь, тэр өрөөг чинь лацдсаны дараа хариуцлагын гэрээ батламжийг чинь өгнө гэж байгаа нь иргэд, бизнес эрхлэгчиддээ итгэдэггүй 1990 оны сэтгэхүйгээсээ салаагүй нь харагдаж байна
Ковидоос ч өмнө караоке бизнес эрхлэгчид нэг удаагийн микрофоны маскыг үнэ төлбөргүй өгч(Нийслэлийн соёл урлагийн газраас тусгай зөвшөөрөл өгөхдөө шаарддаг) хэрэглүүлээд хэвшчихсэн хүсвэл үйлчлүүлж байгаа зочин маскаа тайлахгүйгээр ч дуулах боломжтой байтал ийм утгагүй шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна.
Орчин үеийн нийгэмд иргэд ухамсартай, хариуцлагатай болсон тул ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД микрофоноо ариутгадаг, халдваргүйжүүлэлтээ хуваарийн дагуу тогтмол хийдэг, нэг удаагийн микрофоны маскаар үнэгүй үйлчилдэг, агааржуулалтын систем шаардлага хангасан байгууллагаа сонгож үйлчлүүлээд бизнесийн зарчмаараа БИЗНЕС ЭРХЛЭГЧ бидэнд “СОНГОЛТЫН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨРӨӨ” хариуцлага тооцоод явах болно.
Бизнес эрхлэгч нар үйлчлүүлэгчидээ алдахгүйн тулд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧийн шинэ тутам гарч ирж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлээд үйлчилгээгээ сайжруулаад хамтдаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд нийцсэн үйлчилгээ, стандартыг хамтдаа бий болгоод явах болно.
Энэхүү мэдэгдэлээрээ бид цаашид энгийн горимоор нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжөө ажиллуулан энгийн горимоор ажиллахаа мэдэгдэж байна.
Үүнд:
- “Amure karaoke / Амуре караоке”
- “S13 караоке / karaoke”
- “Venice Karaoke / Венец караоке”
- “VOX event karaoke / вокс караоке”
- “Q Karaoke, Lounge”
- “Z Entertainment Karaoke”
- “I Karaoke & Luxuriant Singing Place” зэрэг үйлчилгээний газрууд нэгдээд байна. Тэдний зүгээс ижил төрлийн үйлчилгээ эрхлэгсдэдээ дээрх хөдөлгөөнд нэгдэхийг уриалжээ.