Токио-2020 Олимпын наадамд оролцсон баг тамирчдын эхний хэсэг өчигдөр эх орондоо ирлээ. Токио-2020 Олимпын наадмын Хүндийн өргөлтийн шүүгч Л. Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-Олимпын наадам шүүх нь бусад тэмцээн уралдаан шүүхээс ямар ялгаатай байв?
-Урьд нь спортын зургаан наадам, арваад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүсэн. Энэ бүхнийг шүүсэн учраас Олимпын наадам шүүх эрхээ авсан. Ялгаа, онцлог гэвэл одоогийн нөхцөл байдалтай уялдуулаад бусад наадмуудаас ялгаатай болж байна. Энэ хүнд цаг үед дүрэм журам, хатуу хяналт дунд бүгд өөрсдийн хувийн зохион байгуулалттайгаар оролцсон. Тамирчид, шүүгч, оролцогчид бүгд ялгаагүй. Хүн төрөлхтний их наадам гэдэг утгаараа таван тивийн хамгийн шилдгүүд оролцсоноороо онцлогтой сайхан наадам байлаа. Миний хувьд найман жингийн 60 тамирчны 360 өргөлтийг шүүлээ. Манай улсаас хоёр тамирчин энэ төрөлд оролцсон. Өөрийн улсын тамирчин дээр оноолт таараагүй. Энэ тэмцээнд 77 орны 197 тамирчин оролцсон. Үүнээс 99 нь эрэгтэй, 98 нь эмэгтэй тамирчид байсан. Энд шүүгчдийн групп хуваагдаж, цагийн хуваарийн дагуу ажилласан. Өдөрт хоёроос гурван тэмцээн явагддаг. Шүүж байхад маш их хариуцлагатай байдаг. Олимпын шүүгч бол өөрийн улс болон аль нэг улсын тамирчин, таньдаг хүмүүсийн талд барихгүй. Зөвхөн тамирчны өргөлтийн техник болоод техникийн зөв болоод алдаануудыг нарийн харах ёстой байдаг. Нэг тэмцээн яг суудал дээрээ хоёр цаг үргэлжилдэг. Тэр бүгдийг анзаарч шүүнэ. Миний хувьд энэ спортоор хичээллэж байгаад дасгалжуулагч болоод, одоо шүүгчийн карьераа үргэлжлүүлж байна.
-Олимпод манай хүндийн өргөлтийн тамирчид түүх бүтээлээ шүү дээ?
-Олимпын төрлийн бүх спортууд ялгаагүй өндөр түвшинд хөгжсөн. Аль ч спорт хүнд. Манай спорт бол хэмжигдэхүүнтэй спорт. Үүгээрээ бусад спортоос ялгардаг. Тийм учраас шинжлэх ухаан, эдийн засаг түлхүү шаардлагатай болж байгаа нь харагдаж байна. Манай тамирчид урьд урьдын олимпуудаас энэ удаад маш амжилттай оролцлоо. Гавьяат тамирчин М. Анхцэцэг маань өрсөлдлөө. Анх удаа хоёр эмэгтэй тамирчин оролцлоо. Энэ бол хүндийн өргөлтийн холбооны хөгжлийг илтгэж байгаа үзүүлэлт гэж үзэж байна. Хэмжигдэхүүнтэй спортын хувьд илүү шинжлэх ухаан лаборатори дээр суурилж, машин механик шиг л хүнийг судалж байна. Хүний биеийн организмыг бүхэлд нь судалж, хэрэгтэй эм, витамин юу байна энэ бүгд шаардлагатай. Бид олимпын медальтай болох бүрэн боломжтой. Үүнийг М. Анхцэцэгийн өргөлт харууллаа. Хүрэл медалиас атгаад алдлаа. Би хэлэхээс илүү ард түмэн дүгнэчихсэн байгаа байх. Бусад улсын тамирчдын хувьд, тухайн улсын эдийн засаг болоод хэр баазтай гэдэг нь шууд харагдаж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилт, техник эзэмшсэн байдал шинжлэх ухаан лаборатори талаасаа илүү хөгжсөн байна гэдгийг олж харлаа.