Улаанбаатарын төв хэсэгт буюу Д.Сүхбаатарын талбайн баруун талд автомашингүй “Өглөөний гудамж"-ийн тохижилтын ажил дуусах шатандаа ороод байна. Хүмүүсийн хэлж сурснаар гутлын 22-ын орчимд байрладаг зургаан байшингийн өмнөх 1647 ам.метр талбайг “Өглөөний гудамж” болгон тохижуулжээ. Үйлчилгээний газрууд өглөө 06:00 цагт ажиллаж эхлэх юм байна. Тухайлбал “Pizza hut”, “Pho soup”, “Urguu” ресторан, “Үсчин”, “Book caffe shop”, “Caffe bene”, “Route 22” кафе зэрэг бусад газрууд байрладаг.
ААН-үүд үйл ажиллагаагаа хэрхэн явуулах талаар тодруулахад “Өргөө” зочид буудлын ерөнхий менежер Ж.Мөнхпүрэв “Нийслэлийн хэмжээнд өглөөний гудамж гэдэг төсөл хэрэгжиж байгаа гэдэг мэдээлэлтэй байгаа. Гэхдээ өглөөний гудамж хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэх тодорхой чиг үүрэг өгөөгүй байна. Өглөөний 06:00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлэх бол нийслэлтэй ямар нэгэн асуудалгүй хамтран ажиллахаа илэрхийлсэн. Манайх өглөөний 08:00-11:00 цаг хүртэл өглөөний цайны хуваарьтай. Түүнийг өглөөний 06:00 цагаас болгоод, Нийслэл хотын иргэд олноороо ирж үйлчлүүлэхээр бол гаднаа нэмж талбай засах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа” гэлээ.
Иргэдийн хувьд ч сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээ. Иргэн Я.Учрал “Оюутан байсан үе маань санагдаж байна. Монголд бас ийм үзэх, цуглах боломжтой эрт онгойдог кофе шоп, хоолны газруудтай болсон нь таалагдлаа. Гутлын 22-ын орчин бол гоё, тайван газар. Зөв газраа олсон байна. Янз бүрийн сонирхлоороо цуглаж байгаа хүмүүс, клубийнхэн байдаг. Тэр жишгээр олон гоё зүйл хийгдэх байх гэж бодож байна. Яг ийм цогц гудамжтай болсонд Улаанбаатарын иргэний хувьд баяртай байна” гэсэн юм
Барилгын гадна талын фасадны сэргээн засалтыг хийж буй “Ub Sky” констракшины захирал Ц.Есүгей “Нийслэлийн хот тохижилтын албанаас манайд захиалга өгөөд “Өглөөний Улаанбаатар” гээд төсөл хэрэгжиж байгаа. Шинэлэг шийдэлтэйгээр хийгдэхээр болсон. Манайх бол зөвхөн барилгын гадна талын фасадны сэргээн засалтыг хийж байна. Цэцэрлэгийн тохижилт, замын ажлыг өөр компаниуд хийж гүйцэтгэж байгаа. Зургадугаар сарын 30-нд ажлаа эхэлсэн. Одоо ерөнхийдөө үндсэн ажлууд дууссан. Ганц нэг цэвэрлэгээний ажлууд хийгдээд өнөөдөр хүлээлгэн өгч байна” гэж ярилаа.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Цэрэндоржийн гудамж. Сүхбаатарын талбайн баруун талд, "Гутлын 22"