Найзуудтайгаа хамтарч 22 настай байхдаа өөрийн мөрөөдлийн кафегаа нээсэн залуухан бизнес эрхлэгч Б.Цэцэгбалжидыг онцолж байна. Тэрбээр бялуу хийхэд тэр бүр ашиглагдаад байдаггүй өнгийг сонгож хувь хүнд зориулсан дахин давтагдашгүй бялуу урлахыг хичээдэг гэдгээ бидэнтэй хуваалцсан юм.
“Amita cake studio & camellia cake and drink house” үүсгэн байгуулагч Б.Цэцэгбалжид “Кафегаа нээх үедээ сэтгэлийн хөөрөлтэй , бодит байдлыг харах чадвар сул байсан юм болов уу гэж бодсон. Тухайн үедээ ёстой үзүүлээд өгнө өө ингээд л болчихно гэж бодож байсан боловч ажиллаад дөнгөж хоёр сар болж байсан чинь хөл хорионд орсон. Энэ үедээ бид захиалга дээрээ л төвлөрч ажиллаж байсан. Туршлагагүйгээсээ болж маш олон алдаа гаргаж байлаа. Жишээлбэл, захиалагчийн олон тоогоор захиалсан бялууг нь цагт нь гаргаж чадахгүйгээс болж нэлээн сандарч байсан. Эсвэл өөрсдийнхөө хүчин чадлыг буруу тооцоолсноос болоод их хэмжээний захиалга авах тохиолдол их байсан. Тэр бүрдээ өөрийнхөө алдаанаас суралцаад шантарч болохгүй шүү. Одоо л үүнийг даваад гарчих юм бол цаашаа энэ зүйл дээр алдахгүйгээр урагшилж чадна гээд л урагшилдаг байсан” гэлээ.
Тэрбээр өөрийн сэтгүүлч мэргэжилтэйгээ бялуу, жигнэмэг хийдэг хоббигоо холбож хүнс технологийн мэдээллийн сайттай болно гэсэн юм. Түүний хувьд бялуу хүний баяр баясал, инээд хөөртэй дандаа хамт байдаг учраас хийх дуртай гэв.