Стандарт гэдгийг энгийн үгээр тайлбарлавал үйл ажиллагааны жишиг хэм хэмжээ юм. Өнөөдөр бүх зүйлд стандарт яригдах болсон. Учир нь аливаа улс оронд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбарт стандарт баримталдаг төдийгүй тэр хэрээр үйл ажиллагаа нь хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй байж, үр дүнтэй үйлдвэрлэлийг бий болгодог. Тэгвэл сүүлийн үед стандарт гэдгийг зөвхөн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд бус, тухайн байгууллагын хамгийн үнэ цэнэтэй баялаг болох хүний нөөцөд хэрэгжүүлэх болсон байна. Хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг дэлхий дахинд батлан хэрэгжүүлээд удаагүй ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монголын уул уурхайн салбартаа анхдагч болон нэвтрүүлэхээр зорьжээ. Энэ талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа.
-Монголд хүний нөөцийн менежментийн олон улсын стандарт нэвтрээд хэр удаж байна?
– Олон улсын стандартын байгууллагаас хүний нөөцийн менежментийн ISO30400 багц стандартыг 2016, 2017 онд гаргасан. Энэ стандартыг Монос группийн санаачилгаар Үндэсний стандарт болгох үйл ажиллагаа гурван жилийн өмнөөс эхэлсэн юм. Одоогоор энэхүү стандартыг Канад, Их британи, Болгар, Франц, АНУ хэрэгжүүлээд байна. Манайх хүний нөөцийн менежментийн олон улсын стандарт нэвтрүүлсэн зургаа дахь орон болсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд энэхүү стандартыг амжилттай хэрэгжүүлснээр Монголын уул уурхайн салбартаа болон Төрийн өмчийн байгууллагууд дундаа анхдагч болж шинэ жишиг тогтоох юм.
-Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн үйл ажиллагаанд MNS ISO 30400:2018 багц стандарт нэвтрүүлэхэд “Глобал талент менежмент” ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан. Ажлаа юунаас эхэлж байна?
-Ер нь хүний нөөцийн бодлого, удирдлага, үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн хүний нөөцийн менежерүүд, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын ажил биш. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа бүх удирдлагууд хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нар байдаг. Тийм учраас стандарт хэрэгжүүлэхийн өмнө бүх шатны удирдах ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон нийт ажилтнууддаа энэхүү стандартыг танилцуулах цуврал сургалт зохион байгуулж эхлээд байна. Энэхүү багц зургаан стандартыг Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэхээр нэгэнт зорьсон. Зөвлөх үйлчилгээний ажил дууссаны дараа олон улсын болон монголын хэмжил зүйн байгууллагуудаар баталгаажуулалт хийгдэнэ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаа, цаашлаад уул уурхайн салбар, төрийн өмчийн байгууллагуудын үйл ажиллагаа илүү олон улсын стандартын түвшинд хүрсэн цогц үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. Энэ хүрээнд хүний нөөцийн бодлогын баримт бичгүүд, бусад холбогдолтой бүх баримт бичиг стандартын дагуу шинэчлэгдэн боловсруулагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр бол чанарын удирдлагын ISO 9001 Олон улсын стандартыг үндсэн 4 цех, Чанар хяналтын хэлтэст хэрэгжүүлсэн туршлагатай байгууллага. Хамгийн сүүлд гэхэд Засвар механикийн заводод чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн.Тиймээс бид стандарт хэрэгжүүлсэн бүтцийн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана.
-Багц зургаан стандартын талаар тодруулбал…?
Хүний нөөцийн менежментийн MNS ISO 30400:2018 зургаан багц стандарт нь Хүний нөөцийн менежментийн нэр томьёо, Хүний нөөцийн засаглал, Байгууллага дахь тогтвортой ажил эрхлэлт, Бүрдүүлэлтийн аргачлал, Бүрдүүлэлтийн нэгжийн өртөг, Ажиллах хүчний төлөвлөлт юм. Хүний нөөцийн үйл ажиллагааг олон улсын стандартад цогцоор нь шилжүүлэхээр зорьж байгаа. Өнөөгийн нөхцөл байдлыг зөрүүгийн шинжилгээгээр тодорхойлох ажлууд хийгдэж байна. Тэгэхээр хүний нөөцийн менежментийн чиглэлд хийгдэх судалгаа шинжилгээний ажлууд, бодит судалгаа, хэрэгцээ нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал. Тийм учраас эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд явж байна.
-Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр хүний хөгжлийн асуудалд түлхүү анхаарч байгаа. Олон улсын хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэхдээ хүрэх үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн 5 бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого юм. Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйн хөгжил, өнөөгийн амжилтын үндэс нь яах аргагүй хүн. Хүний нөөц буюу хүмүүн капиталыг хөгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн гол түлхүүр асуудал юм. Тийм учраас хүний нөөцийн бодлогод томоохон шинэчлэлүүд хийгдэж байгаа. Үүний нэг нь нийт ажилтнуудын дунд хэрэгжүүлж байгаа Хүний хөгжлийн цогц хөтөлбөр. Хүний нөөцийн хувьд өндөр мэдлэг, чадвар байхаас гадна хүний хөгжлийн гол суурь чадвар болох зөв хандлага, харилцаа чухлаар тавигдаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 50 гаруй хувийг залуус эзэлж байна. Тиймээс өнөөгийн залуус юу хүсэж, юунд тэмүүлж, ажлын ямар орчин, хөгжих боломж хайж байгаа, тэр онцлогийг нь мэдэрч, түүнд тулгуурласан бодлого, хэрэгжүүлэх нь хөгжлийн цогц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт 500 гаруй ажилтан хамрагдаж байна. Одоо зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран хийж байгаа зөрүүгийн шинжилгээ бидэнд хүний нөөцийн багц стандарт хэрэгжүүлэхэд гол мэдээлэл өгнө. Аль хэсэг дээр энэ стандартын үйл ажиллагаа дутагдсан байна, юунд анхаарах хэрэгтэй гэх мэт. Ингэснээр ажил олгогч болон ажилтны зорилго, зорилт хэрэгжиж хамтдаа хөгжинө, эрсдэлийг удирдаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дэлхийн сайн туршлагуудаас хэрэгжүүлэх боломж бүрдэнэ, үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар нэр хүнд өснө, хамгийн чухал нь Эрдэнэт үйлдвэрийн онцлогт тохирсон стандарт боловсруулагдана. Энэ бол маш том давуу тал…
-Баярлалаа