Хоолыг зөвхөн идэх биш харж таашаал авдаг. Үүний нэгэн адил уух зүйлсийг ч мөн урлагийн бүтээл гэж мэдрэн, урлах нь бартендерийн ажил. Бид залуу бартендер Б.Дамдинпүрэвтэй ярилцаж мэргэшлийнх нь үнэ цэн болон бартендер хийх болсон бяцхан сонирхолтой түүхийг уншигч танд хүргэж байна.
Тэрээр, Бартендер мэргэжлээр ажиллаад дөрвөн жил болж байна. 2016 онд манай найз надруу залгаад бартендерийн туслах хийх үү гээд санал тавьж байсан юм. Нэг өдрийн угаагч л гэсэн үг. Тухайн үед оюутан байсан болохоор мөнгө их хэрэг болдог. Тиймээс “тэгье” гээд л саналыг хүлээж авсан. Ингээд шилэн аягаа угаагаад зогсож байсан чинь манай бартендер ах VIP өрөөнд тусгай үйлчилгээ үзүүлэхээр явчихсан л даа. Тэр хойгуур нь хоёр эмэгтэй ирээд хоёр лонг захиалсан юм.
Тэр үед би өөрийгөө угаагч гэж хэлэхээс санаа зовоод шууд захиалгыг нь авчихсан. Ингээд бүх найрлагаа заавар харж хийчхээд дээрээс нь кола хийж таглаад сэгсэрсэн чинь нөгөөх маань буудаад хувцас заваараад, нөгөө хоёр эмэгтэй рүү үсрээд бөөн л юм болсон. Их онигоонд орж бас ичиж байсан юм. Тэр үед бартендер ах гарч ирээд намайг их л шоолж, яаж хийхийг зааж өгч байсан. Түүнээс хойш бууж өгөхгүйгээр, ичсэн ч гэсэн үүнийг судлаад үзвэл яасан юм гэдэг сонирхлоор, хүсэл эрмэлзэлтэй болсон доо.
Коктейл хийх нь надад урлагийн бүтээл хийж байгаа юм шиг санагддаг. Хүн болгонд зориулж тус тусад нь амтыг гаргадаг. Үүний тулд сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Хүнтэй текэн дээр ярилцаад, тухайн хүнийхээ сэтгэл санааны нөхцөл байдлыг мэдэрч байж хүссэн амтыг нь гаргадаг. Өөрөөр хэлбэл их мэдрэмж шаардсан ажил.
Мөн коктейлийг арт талдаа хийхийг хүсдэг. Би өөрөө зураг зурах сонирхолтой. Дуртай болохоор хослуулаад гаргахад гоё байдаг юм. Хэдийгээр дөрвөн жил ажиллаж байгаа ч өөрийгөө сонирхогчийн түвшинд байгаа гэж хардаг. Цаашдаа гадаадын барнуудаар явж судалгаа хийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байгаа. Явна даа.