Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлжээ.
Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслүүдээр илрүүлэх боломжгүй юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай байгаа талаарх хүсэлтийг АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар таван тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм.
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьж ажиллалаа.
Олон улсын атомын энергийн агентлагийн “Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан”-ийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр 2020 онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлсээр байна.
Эх сурвалж: МХЕГ