Өвөрхангай, Орхон, Дархан, Завхан, Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг энэ жил наадам зохион байгуулахгүй гэдгээ илэрхийлжээ.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс зургаа дугаар сарын 28-нд хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлсэн билээ. Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ ард иргэддээ мэдэгдсэн.
Энэхүү шийдвэрийн дараа Дархан-Уул аймгийн Засаг дарга есдүгээр сарын 1-н хүртэл аймгийнхаа хэмжээнд наадам, ойн байр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно" хэмээн мэдэгджээ.
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат коронавируст халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан "Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай" зургаа дугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал мөн цар тахлын энэ үед аймгийн хэмжээнд Наадам зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тус аймгийн хувьд наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зохион байгуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Онцгой комисс өнөөдөрхуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргана гэв.