Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухай авч хэлэлцсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулж байна.
Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Нийслэл хоттой холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг чиглэл өглөө. Онцлох шийдвэрүүдийг танилцуулъя. Үүнд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Гандантэгчэнлин хийд орчмын газар төлөвлөлтийн талаарх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засаг шинэ түвшинд гарах юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь түүхэн өөрчлөлт гэж хэлж болно. Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон ахиц авчирна гэж бодож байна. Тодруулбал, эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн шинэчлэлийг хийхэд түлхэц болно. Нийслэл хотыг олон төвт болгох, дагуул хотын бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон зүйлийн үндэс нь уг хууль юм.
Хот яагаад хөгжихгүй, түгжрэлээ шийдэж чадахгүй байна вэ. Хотын дэд бүтэц, дулаан хангамжийн эх үүсвэрээ зохицуулах гэх мэт зайлшгүй шаардлагатай тулгамдаж байгаа асуудлаа нийслэл, Засгийн газрын түвшинд хэлэлцэнэ.
Мөн Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл аялал жуулчлалын төв болгоно. Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөгөөтэй байгаа. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна" гэлээ.