2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан.
Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Энэхүү мэдээллийг Factcheck.mn нягталсныг хүргэж байна.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn сайтад 1996 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр баталсан Соёлын тухай хууль байгаа юм. Энэ хуульд хараалын үг хэрэглэсэн тохиолдолд торгох заалт байхгүй.
Харин 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх товтой. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлаагүй байгаа юм. Мөн шинэчилсэн найруулгад хараалын үг хэллэгтэй холбоотой заалт байхгүй байна.
эх сурвалж: factcheck.mn