У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоод тангаргаа ч өргөж амжаагүй байхад Засгийн газраас шийддэг байсан асуудлыг У.Хүрэлсүх тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхээр болж байгаа гэх утгатай мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Тодруулбал, 2021 оны 06 сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар”-ын дарга Ц.Ганзориг олон нийтэд хандан мэдээлэл өгөхдөө “7-р сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ шийднэ” гэж тайлбарлав.
Угтаа бол энэ нь Засгийн газрын шийдвэрлэх ёстой, Засгийн газрын эрх хэмжээнд хамаарах асуудал билээ. Тийм ч учраас энэ шийдвэрийг анх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гаргасан байдаг.
2020 оны 05 сарын 06-ны Дугаар 167 тоот Засгийн газрын тогтоолоор анх “Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох” шийдвэр гаргаж, 248 дугаар тогтоолоор 100 мянган төгрөг олгох шийдвэрийг 2021 оны 07 сарын 01 хүртэл сунгасан. Харин цахилгааны төлбөрийн тухайд бол 2020 оны 12 сарын 13-ны Дугаар 211 тоот Засгийн газрын тогтоолоор гаргасан ба үүний дагуу өрхүүдийн болон зарим аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөрийг 2021 оны 07 сарын 01 хүртэл “төр”-өөс төлөхөөр болсон.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл энэ асуудал нь Засгийн газрын хуралдаанаар л шийддэг асуудал байж. Тиймдээ ч Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан 2021 оны 06 сарын 11-ний өдөр хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрийн чөлөөлөлтийн талаарх асуултад хариулахдаа “Сүүлийн жил хагасын хугацаанд авсан халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно” гэсэн тов тодорхой хариултыг өгөөд байсан юм.
Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг харвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн, шийдвэрлэдэг дээрх шиг асуудлыг шийдэж болох агуулга харагдахгүй байна.
Үндсэн хуулийн 33.1.10-т зааснаар Ерөнхийлөгч нь “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх” бүрэн эрхтэй. У.Хүрэлсүх тангараа өргөснөөр тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх субъект болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болно.
Харин, Үндсэн хуулийн 25.1.10-т зааснаар Улсын их хурал нь “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох” бүрэн эрхтэй байна. Тийм ч учраас Улсын их хурлаас “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль” батлах замаар уг зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоож өгчээ. Энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаар уг зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааны уялдааг зохицуулах, түүнд хяналт тавих зөвлөлдөх байгууллага байна. Түүнээс биш иргэдийн тодорхой бүлэгт олгож буй халамж, дэмжлэгийн шинжтэй үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байхгүй гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн хоёрдугаар зүйл: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн.
Түүнчлэн, мөн хуулийн 3 дугаар зүйлд зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг, 4 дугаар зүйлд, зөвлөлийн чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Эдгээр зохицуулалтыг харсан ч тэр энэ зөвлөлийн тэргүүн нь У.Хүрэлсүх байх эсэхээс үл хамааран уг зөвлөл нь хүүхдийн мөнгө, цахилгааны төлбөрийн асуудал шийдээд сууж байх байгууллага огт биш юм.
Бүрэн эрхээ ч хэрэгжүүлж эхлээгүй байж бүх асуудалд оролцох гэсэн У.Хүрэлсүхийн энэ “санаархал” ямар учиртай юм бол?
Монгол улсыг Ерөнхийлөгчийн засаглал руу “хазайлгах” гэсэн санаархал байхаас гарцаагүй гэж хардаж буй иргэд, судлаачид ч нэг бус байна. Мэдээж У.Хүрэлсүх өөрөө үүнийгээ эрс үгүйсгэдэг. Гэхдээ түүний хийсэн олон удаагийн улс төрийн эргэж буцсан үйлдлүүдийг харсны дараа түүний нэг ч үгэнд итгэхэд бэрх. Тэрээр албан тушаалаас эргэж буцахаас гадна хэлсэн үгнээсээ ч эргэж буцдаг хэд хэдэн жишээг бид харсан. Эндээс хамгийн сүүлийн жишээг би энд дурдъя.
Тэрээр 2021 оны 1 сард өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас огцрох болж Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцроход хүргэсэн. Огцрох үедээ Улсын их хурлын чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгийг нь эргэн санавал “Ард түмнээсээ сонгогдсон улсын их хурлын гишүүний хувьд би … ард түмнийхээ өмнө амласан амлалтаа хийх боломжтой боллоо” гэж байв (үүнтэй холбоотой хэлсэн үгийг нь яг түүний хэлснээр доор бүрэн эхээр нь буулган оруулав).
У. Хүрэлсүх (2021.01.21): “… Миний амласан зүйл бий. Энэ бол би шударга ёсны төлөө тэмцэнэ. Цаашдаа ч тэмцэнэ. Одоо Ерөнхий сайдынхаа ажлаа өгөөд би их сайхан чөлөөтэй болно. Парламент дээр өөрийнхөө бодож байгаа, санаж байгаа юм хэлэх ийм сайхан завшаан надад тохиолдож байгаад би их баяртай байгаа. Улсын Ерөнхий сайд хамаагүй яриад байж болдоггүй юм. Улсын Ерөнхий сайдын амнаас гарч байгаа үг, хий бол бодлого болж хувирдаг учраас би олон зүйлийг залгиж ирсэн. Одоо харин би ард түмнээсээ сонгогдсон парламентын гишүүний хувьд, их хурлынхаа гишүүний хувьд олон зүйлийг ярьж, муу муухай зүйлийг чинь дэлгэж олон түмэнд тавина. Энэнийхээ төлөө ажиллана. Ийм сайхан өргөн боломж надад олдож байгаад би их баяртай байгаа нөгөө талаасаа. Харин ч би ард түмнийхээ өмнө амласан амлалтаа энэ эрхэм хүндтэй албан тушаалд бас боогдуулалгүйгээр хийх ийм боломж надад олдож байна гэж нэг талаасаа бас би баярлаж байна.”
Гэвч тэр ийнхүү огцорсноосоо хойш Улсын их хурлын чуулганы хуралдаанд нэг ч удаа үг хэлж харагдаагүй, сууж ч харагдаагүй. Юун нөгөө шударга ёсны төлөө тэмцэх.
Түүнчлэн, түүний эргэж буцсан жишээг дурдвал нэгээр дуусахгүй. Тэрээр, 2008 онд УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө завшсан эрүүгийн хэрэгт ял сонсон ялтан болж, 2012 онд дөнгөж УИХ-н гишүүн болсныхоо дараахан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2017 онд шадар сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2021 онд Ерөнхий сайдаас мөн л өөрийн хүсэлтээр огцорч байв. Чадна, хийнэ, бүтээнэ гэж уран сайхан үгээр амлалт өгч очсон албуудаасаа ийнхүү чөлөөлөгдөж байсан гэх бидний мэдэж жишээ л гэхэд ийм байна.
Энэ бүхнээс харахад түүний хэлсэн үгэнд итгэхэд тун бэрх. Харин үгээс нь илүүтэй хийж буй үйлдлийг нь харж цаашид яах бодолтойг нь таамаглавал илүү үнэн байх магадлалтай болов уу.
Тэрээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орохын тулд өөрийн даргалж буй МАН-аа Н.Энхбаярын даргалж буй МАХН-тай нэгдүүлсэн. Бүр, МАХН-ын гишүүнчлэлтэй иргэдэд гишүүний үнэмлэхийг нь МАН-ын үнэмлэх болгон сольж өгөөд, МАН-ын 100 жилийн ойн медальтайгаа хамт гардуулсан байна. Н.Энхбаяр гэдэг хүн хэн нэгэнтэй нэгдэж буй бол өөртөө ашиггүй тохиролцоо хийх хүн биш гэж бодох хүн нэгээр тогтохгүй болов уу. Гэтэл энд бас нэг хар төрүүлж буй зүйл нь 2019 онд Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байх үеэс л Н.Энхбаяр гэх хүн “шинэ үндсэн хууль баталж ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв” гэж хэт туйлширч явсан хүн. Тийм ч учраас иргэд бид У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын энэ хоршилд уг нь яавч “нүүр өгч” болохгүй юм. Даанч нэгийг нь буюу нэг гол төлөөлөгчийг нь Ерөнхийлөгчөөр сонгочихлоо.
Харин “аз болоход” Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хугацааны нэг тодорхой хязгаарлалтыг зааж өгсөн байдаг. Тэнд зааснаар тодорхой асуудлаар нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулсан бол ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 8 жилийн дотор тухайн нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаар дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэнэ.
3.3.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.
Бид 2019 оны 11 сарын 14-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил болгож, мөн зөвхөн 1 удаа сонгогддог байхаар өөрчилсөн. Тэгвэл 2027 оны 11 сарын 14-н хүртэл энэ асуудлаар бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь хуулиар хориотой байна. Мөн, уг журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан байдаг. Энэ үүднээс бол Үндсэн хуулийн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх нь хориотой байна.
Эрх зүйд захирагдах ёс буюу “rule of law” ягштал үйлчилдэг бол, хамгийн гол нь төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд нь энэ ёсыг юу юунаас илүү дээдэлж дагадаг бол бидэнд уг нь айх юм алга. Гэсэн хэдий ч эрх мэдэлд хүрмэгцээ дур зоргоор аашилж эрхзүйт биш “эрхтэн дархтны төр” болгох гэдэг оролдлого жишээнүүд байгааг анхаарч, дээр дурдсан шиг үг үйлдэл хоёр нь алд, дэлэм зөрдөг болохыг ямагт санаж энэ этгээдүүдийн үйлдэл бүрийг бид анхааралтай анзаарч байх нь чухал юм. Тийм ч учраас, өнөө маргаашийн зуурдын шинжтэй хувийн ашиг тусаас илүүтэй бидний амьдарч буй нийгмийн эрх зүй, хууль ёсыг дээдлэх, дагах зарчмыг юун түрүүнд анхаарч тэдний шийдвэр, үйл ажиллагааг дэмжих эсэхээ шийдэж байх зүйтэй болов уу. Бүрэн эрхээ эхлүүлж ч амжаагүй байхдаа ийм “зөрчилдөөн” үүсгээд буй У.Хүрэлсүх гэх ерөнхийлөгчтэй хамт туулах уртаас урт зургаан жил биднийг хүлээж байна.
НИЙТЛЭЛЧ Б.МЯГМАРДОРЖ