Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48 мянган тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг дээрх дүнг задлавал, ковидийн халдварын эсрэг
- III сарын 12-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 14.400,
- III сарын 24-ний өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун,
- IV сарын 21-ний өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 50.400 тун,
- V сарын 27-ны өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 100,620 тун,
- VI сарын 05-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 48.000 тунг хүлээн аваад байна. Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын ковидийн халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.