Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд 17 жил тасралтгүй үүргээ амжилттай гүйцэтгэж, дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай цэргийн баг эх орондоо буцах бэлтгэлээ хангаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тус улсаас эвслийн цэргийг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дотор татан гаргах шийдвэрийг АНУ болон “Умард Атлантын Гэрээний Байгууллага”-ын гишүүн орнууд гаргаж, цэргүүдийг татан гаргах ажиллагаа тавдугаар сарын 1-нээс эхэлжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ын аюулгүй байдлыг хангах үүргийг Дани Улсын цэргийн алба хаагчдад тавдугаар сарын 27-нд хүлээлгэн өгч, эвслийн цэргийн нисэх хүчний “Баграм Бааз”-д шилжин байрлажээ.
Эвслийн цэргийн “Шинэ Кабул Бааз”-ыг Афганистаны үндэсний батлан хамгаалах аюулгүй байдлын хүчинд хүлээлгэн өгөх ёслол тавдугаар сарын 28-нд болж, баазад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн багууд өөрийн улсын төрийн далбааг буулгах, ИБНАУ-ын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч, дэд хурандаа М.Түвшинжаргал, цэргийн багийн холбогдох бүрэлдэхүүний хамт оролцжээ.