Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн асуудлаар ХҮН-ын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Мөнхдөл “Бид “Паркаа аварья” хөдөлгөөнийг эхлүүлээд сар гаруй хугацаа болж байна. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Хүүхдийн баяртай холбоотой олон шийдвэрүүд гарсан байна. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Болортуяа “Хүүхдийн паркийг буцаан парк хэвээр нь аваад үлдлээ гэсэн шийдвэр гаргасан” хэмээн баярт мэдээ гэж дуулгасан ч тодорхой эцсийн шийдвэр гараагүй бөөрөнхий утгатай шийдвэр гарсан байна.
34.8 га газар анх 1965 онд анх Хүүхдийн парк хэлбэрээр нээгдэж байсан. 1990 оноос хойш 2000 он гараад Хүүхдийн паркийг хэсэгчлэн хувьд шилжүүлж эхэлсэн байдаг. Шагриллагаас эхлээд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн эзэмшлийн 1.1 га газар байна. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сөүл ресторантай газрыг эзэмшиж байгаа. Хүүхдийн ордны газраас хумслан 0.1 га газар нийтийн үйлчилгээний зориулалтаар 2020 онд өгсөн байсан. Олимпын гүүр барих тойрог зам дотор амины орон сууцны хүртэл зөвшөөрөл олгосон ийм байдалтай байна. Анх 34.8 га газраас ердөө 31.4 га талбай нь Үндэсний Соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд үлдсэн. Энэ компанийн 26 хувийг нийслэл, 74 хувийг Бодь Интернэшнл компани эзэмшдэг. Бодь Интернэшнл компанийн эзэн бол Голомт банкны гэгддэг Д.Баясгалангийн нэр дээр байдаг. 2005 онд М.Энхболд хотын дарга байхдаа энд Соёл амралтын хүрээлэн амралт зугаалгын цогцолбор байгуулна гэж хамтарсан компани байгуулж байсан. Энэ цагаас хойш газар нь багасч, хувьд шилжсээр ердөө 31.4 га нь үлдсэн. Дээрээс нь Голомтын Д.Баясгалан гэдэг хүн энд Ulaanbaatar Village нэртэй үйлчилгээтэй орон сууц барих шийдвэр гарсан.
Бид “Паркаа аварья” хөдөлгөөн өрнүүлж олон мянган хүний гарын үсэг цуглуулан нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Үүнд яаралтай нийтийн сонсгол хийгээч гэдэг хүсэлт хүргүүлсэн. Энэ ажил нэлээд ахицтай явж НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр тавдугаар сарын 10-нд нийтийн сонсгол хийх шийдвэр гарсан. Харамсалтай нь хийх эсэх нь тодорхойгүй сонгуулийн үетэй таарсан учраас хойшлуулж дараа нь хийх хүсэлтэй байгаа байх. Гэхдээ иргэд болон бидний зүгээс энэхүү сонсголыг нэн яаралтай хийх шаардлага хүргүүлсэн ч тодорхойгүй байна. Өнөөдөр Хүүхдийн баяртай холбогдуулаад тодорхой Засгийн газрын шийдвэр гарсан ч бөөрөнхий утгатай, паркийг иргэдэд буцаасан эцсийн шийдвэр биш байна. Бид тайвширч болохгүй юм байна. Нийтийн сонсгол хийх шаардлагаа үргэлжлүүлэн хүргэх болно” гэлээ.