Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Н.Түвшинбаяр Монгол Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа.
Хэргийн талаар эргэн сануулахад, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Тавдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллан түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Түүнийг ажлаа өгнө гэдэг мэдээлэл гарсан ч ийнхүү ажилдаа оржээ. Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм.